ТОДРУУЛГА: Үхсэн малын махаар бөөрөнхий мах бэлтгэсэн гэх “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийг шалгаж байна

0

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт зүй бусаар хорогдсон их хэмжээний махыг бохир орчинд бэлтгэсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийн үйлдвэрт бөөрөнхий мах бэлтгэн савласан гэх. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас тодруулахад “Одоогоор манай яам болон Мал эмнэлгийн ерөнхий газарт тухайн компанитай холбоотой мэдээлэл ирээгүй. Иймд урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг үүсгэжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийг иргэний гомдлын дагуу шалгаж Улсын ерөнхий прокурорын газраас Нийслэлийн мал эмнэлгийн газарт шилжүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар Мал эмнэлгийн ерөнхий газраас гарал үүсэл нь тодорхойгүй 60 гаруй тонн махыг устгалд оруулсан гэх мэдээлэл цацагдаж буй. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны өгсөн мэдээллээр өмнө нь “Үүлэн гөү” ХХК-ийн зөрчилтэй холбогдуулан хяналт шалгалтаар 60 тонн махыг устгалд оруулсан юм байна. Өнөөдрийн байдлаар салбарын яам болон Мал эмнэлгийн ерөнхий газраас малын эрүүл ахуйг хангах чиглэлд хяналт тавьж ажиллаж байгаа аж.

“Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай гэж бүртгэгджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *