Малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилготой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар тус салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан. Мөн малчны хоршоонд нэгдсэн малчдад Зээлийн батлан даалтын сан 100 хүртэлх хувийн баталгаа гаргаж, арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, малчны анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн тодорхойлох, малын тэжээл, таримал ургамлаа өөрсдөө тарих боломжийг бүрдүүлэх, төрийн дэмжлэгт хамрагдсан малчны хүлээх үүргийн талаар төсөлд тусгасан талаар сайд танилцуулгадаа дурдав.
Гишүүд дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжихээр боллоо.