С.Баяр: С.Зориг надтай дөрөв уулзаж “Ерөнхий сайдад би нэр дэвшвэл Ерөнхийлөгч намайг дэмжих үү” гэж асуулгаж байв
“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй оролцсон сэтгүүлч Б.Ганчимэг тус нэвтрүүлгийн талаар өөрийн байр сууриа facebook хуудастаа илэрхийлсэн.
Тодруулбал, Б.Ганчимэг:
- “Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс “Чи Ерөнхий сайд болчихвол “Эрдэнэт”-ийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ” гэхэд нь С.Зориг “Поезд ушёл” гэсэн.
- 10-р сарын 2-нд Ардчилсан холбоо эвслийн голлох фракцын удирдлагууд албан бусаар уулзаж, Ерөнхий сайд С. Зоригийг дэмжихээр тохиров.
- 10-р сарын 2-ны өдөр Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хурлыг Хүүхдийн ордонд хуралдуулж, Засгийн газраа эмхлэн байгуулж чадаагүй УИХ-ын дарга Р.Гончигдоржийг огцруулах, ерөнхий сайдыг яаралтай томилж, нийгэм улс төрийн хямралт байдлыг даван туулах асуудлыг хэлэлцэхээр товлож, орон нутгаас намын төлөөлөгчид цугласан байв.
- Гэвч Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий зөвлөлийн хурлыг намын дарга бөгөөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж хойшлуулжээ.
- Тус өдөр Ерөнхий сайдад томилогдох нь тодорхой болсон С. Зориг 21:40 минутын үед гэртээ орж, 18 удаа хутгалуулан амь насаа алдав” гэж мэдэгдсэн юм.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр NTV телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Энэ бол гүтгэлэг. Би тухай үед Үндэсний ардчилсан намын дарга байсан. С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох тухай МҮАН-ын Ерөнхий зөвлөл дээр юу ч яригдаагүй. Тэр үед бид бүгдээсээ л асуудаг байсан. С.Зориг би Ерөнхий сайдаар ажиллах юм байхгүй гэж хариулдаг тийм үе байсан” гэсэн юм.
Тэгвэл Ц.Элбэгдоржийн тайлбарт Ерөнхий сайд асан, 1998 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Баяр хариу тайлбар хийжээ. Тэрээр өөрийн твиттер хуудастаа, “25 жил Е4 улайм цайм ингэж ярив. Би гайхдаг. Яах юм? Яагаад? Тэр үед би Е2-ын ТГД байв. С.Зориг надтай дөрөв уулзаж “ЕС-д би нэр дэвшвэл Е2 намайг дэмжих үү, би түүнтэй уулзаж болох уу” гэж асуулгаж байв.
Би, “Ийм асуудал ТГ-т албан ёсоор ирээгүй тул албан ёсны хариу байхгүй. Е чамайг хүлээж авах шалтгаан алга” гэнэ. Тэгэхэд С.Зориг “би фракцуудтай уулзаж буй тул Е2-ын албан бус хариу ч хамаагүй хэрэгтэй байна” гэж байв.
1998.10.02-ны 15 цагт С.Зориг миний өрөөнд ирж, хүсээлтээ дахин хэлэв. Е-тэй уулзаж гарч ирээд би түүнд “Асуудал албан ёсоор ирээгүй хэвээр тул албан ёсны хариу байхгүй хэвээр. Гэхдээ ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл яг одоо алга гэж үзэж байна” гэсэн хариултыг нь дамжуулсан. Бидний уулзалтанд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, А.Ганбаатар нар оролцож байв. Өөр бусад гишүүд ч энэ асуудлыг мэдэж байсан юм билээ. Бид бүгдийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Би, бид амьд байна. Би, бид гүтгээд байна уу?” гэжээ.