Шүүх шинжилгээний дүгнэлтээр 15 настай охины үхлийн шалтгааныг идээт үрэвсэл гэж гарчээ
15 настай охин нагац эгчээрээ толгойндоо цохиулж гэмтэл авсны улмаас нас барсан гэх мэдээллийг өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр талийгаач охины шүүх шинжилгээний дүгнэлт нь хөнгөн гэмтэл, идээт үрэвслээр нас барсан гэж гарчээ.
Хэргийг эргэн сануулахад, 2023 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын БОЭТ-д толгойдоо оёдол тавиулсан 15 настай хүүхэд эмчлүүлж байгаад нас барсан мэдээлэл бүртгэгдсэн. Тус хэргийг Цагдаагийн байгууллагаас шуурхай шалгах, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор ЦЕГ-аас ажлын хэсэг Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран шуурхай ажилласны үр дүнд хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр толгой тус газраа бусдад цохиулж гэмтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч улмаар 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан. Уг хэргийг амь хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаар Цагдаагийн газраас хоёрдугаар сарын 10-ны өдөр мэдээлсэн билээ.