С.Бямбацогт: С зөвшөөрлийн авлига өмнө нь 1-2 сая байсан бол одоо 20-30 сая болсон

0

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2024.04.18/ ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2024.04.03-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт ” Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс ангид тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хальж хэтэрсэн заалтыг оруулж, хуулийг гууль болгох гэж байна. Үндэсний баялгийн санд стратегийн ордоо хамруулж, уул уурхайн орлогоо ард түмэн хүртэх ёстой.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ногдол ашгийг авч байгаа шиг хүртмээр байна. Энэ зорилгоор УИХ-д оруулж, хэлэлцэж байгаа. Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж байна. Зарим заалт нь тэс хөндлөн болсон. Байгалийн баялгийн өгөөж, стратегийн ордуудаас гадна төмөр зам, авто замын төрийн өмчит компаниудын орлогыг төвлөрүүлнэ. Удирдлага зохион байгуулалтыг нь “Эрдэнэс Монгол” компани хангана гэж тусгасан байна. Ийм чухал хуульд хариуцлагатай хандмаар байна. Тэр орлого олдог бус зам засдаг компаниудыг хамруулж яах гээд байгаа юм бэ. Ард иргэдийн цасыг нь цэвэрлэж, замыг нь нөхдөг, зорчуулдаг компани. Гашуунсухайт боомтын замыг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Өдөртөө 1000 машин явдаг 540 мянган төгрөгийн замын хураамж төлдөг. Жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог мөртлөө замаа засдаггүй. Хэдэн ажилчдынхаа цалинг л тавьдаг. Энэ компанийг авч үлдэхийн тулд ингээд байгаа юм уу. Замаа засч чаддаггүй шүү дээ. Бүх зам, төмөр замыг авч яах гээд байгаа юм бэ. Улаанбаатар төмөр замын 50 хувийг Монголын тал эзэмшдэг. Тэр компанийн орлогыг авч чадах уу. Ийм байдлаар асуудлыг оруулж ирмээргүй байна.

Өмнө нь С зөвшөөрлийн асуудлыг ярьсан. Авто тээврийн үндэсний төв дээр байхаар авлига авч байна гэсэн. Гэтэл өнөөдөр С зөвшөөрлийг уул уурхайн компаниуд авсан. Энэ зөвшөөрлийн авлига өмнө нь 1-2 сая гэж яригддаг байсан бол одоо 20-30 сая болсон. Би УИХ-ын индэр дээрээс шүгэл үлээж байна. Өмнө нь Л.Халтар сайдаа төмөр зам дээр нэг вагон тавихад 500 сая төгрөгийн авлига авч байна шүү гэдгийг УИХ-ын гишүүн байхдаа хэлж байсан. Үнэхээр тийм байсан. С.Батдөл баригдсан. Нүүрсний хулгай байна, улсын хилээр 2 сая тонн нүүрс гарсан байна гэж хэлж байсан. Ард түмэн бүгдийг мэддэг болсон. Үүнтэй адил С зөвшөөрлөөр шүгэл үлээж байна. Нэртэйгээр нь ЗТХЯ-ыг татан буулгаж, агаарын тээврийн яам болгочих л доо” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *