МАН сонгуулиас өмнө 2 их наядыг иргэдэд ЗАРЦУУЛЖ, малчдад зээл олгох хууль батлав
Хаан нь “харц ард” мэт жүжиглэж, харц ард нь “хаан” мэт аяглах өдрүүд хаяанд ирэв. Сонгууль хүртэлх энэ хугацаанд уйлах нь уйлж, дуулах нь дуулсаар муу нэртэй хэдэн улстөрчид нь иргэд сонгогчдоо уйдаахгүй нь лав. Үг, үйлдэл ч биш. Гаргаж буй шийдвэрүүдээрээ хүртэл. Тиймдээ ч сүүлийн үед эрх баригч нам сонгогч нартаа үе, үе “гэнэтийн бэлэг” баридаг боллоо. Харин түүнийгээ “Сонгуультай холбоогүй” гэх явцгүй агуулгаар тайлбарлах нь элбэг. Гэвч үүний цаана сонгуулийн өмнө иргэдээс оноо авах гэсэн санаа, зорилго байгаа нь нууц биш. Тиймдээ ч эрх баригчдын “гэнэтийн бэлгүүд” ихэнхдээ иргэдийн амжиргаа руу чиглэж байна.
Эргэн саная. Бодож үзье…
-ХУВЬЦАА: 3.4 сая иргэнд 1 их наяд 55 тэрбум төгрөг-
Сонгууль бүрийн өмнө “амилуулдаг” ногдол ашгаа энэ удаад ч тараалаа. Он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022, 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд хүртээх ногдол ашгийг тараахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ өнгөрөгч нэгдүгээр сард 2022 оны ногдол ашиг болгож иргэн нэг бүрд 104 мянган төгрөгийг тараасан бөгөөд үүнд 293 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн. Үргэлжлүүлээд энэ сарын эхээр 2023 оны ногдол ашгаар нийт 762.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлэв. Ийнхүү хувьцаагаар л гэхэд 1 их наяд төгрөгийг иргэдэд өгчээ.
-МАЛЧДЫН НДШ: 25.1 тэрбум төгрөг-
2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан улсын төсөвтөө малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөхөөр хэмжээний төсвийг суулгаад баталчихсан. Хэдийгээр олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан хэдий ч 55.3 мянган малчны саналыг алдахаас яаж татгалзах билээ. Тэр тусмаа сонгуулийн жилд. Тийм ч учраас эрх баригчил энэ шийдвэртээ 25.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан байдаг.
-Малчдын зээлийн хүүнд 220 орчим тэрбум төгрөг-
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч малчид хүнд цаг үеийг туулж байна. Малгүй болсон иргэд ч их бий. Иймд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн малчид руу чиглэсэн шийдвэрийг гаргасан нь малчдын зээлийн хүүгийн 6 хувийн төлбөрийг малчид, үлдсэн хувийг Засгийн газар төлөх шийдвэр юм.
Тодруулбал, Засгийн газраас мэдээлснээр малчдын зээлийн нийт хэмжээ 1.3 их наяд төгрөг. Түүнд хуримтлагдах хүүгийн төлбөр нь 280 орчим тэрбум төгрөг бөгөөд энэ шийдвэрийн хүрээнд Засгийн газар 220 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг төлөх тооцоотой гарсан юм. Энэ дүнгээс харахад, малчид руу чиглэсэн шийдвэрүүдээр эрх баригч нам нэлээдгүй өндөр оноо авахаар байна.
-Хар жагсаалтад байгаа иргэдэд үзүүлж буй нэг удаагийн ӨРШӨӨЛ-
Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх гэнэтийн шийдвэрийг гаргалаа. Харин үүнийгээ эрх баригчид Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсч, бэхжсэний 100 жилийн ойг тохиолдуулж гаргасан шийдвэр хэмээн тайлбарлах аж. Үүнд дан ганц иргэд ч биш аж ахуйн нэгжүүд ч багтана. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн “зорилтот хэсэг” нь зээлтэй иргэд байлаа.
Энэ шийдвэр нь УИХ-ын сонгуулийн өмнө гарч байгаа нь өөрөө “но”-той гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ онцолж байлаа.
-4 САРЫН 1 нэмэгдэл: 225.2 мянган төрийн алба хаагчийн цалинг 10-20 хувиар нэмэв-
Төсөв батлагдах үеэр яригдаж байсан 4 сарын 1-нээс нэмэгдэх цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой шийдвэр албажсан. Ийнхүү сонгууль болохоос даруй хоёр сарын өмнө төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар, нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэв. Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулахаар тооцоо гараад байсан юм.
-Тэтгэврийг 100 мянгаар, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэв-
Дөрөвдүгээр сарын 1-нээс зөвхөн төрийн алба хаагчдын цалинг нэмээд зогссонгүй. Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч эрх баригчид цалин, тэтгэвэр нэмсэн эл үйлдлээ сонгуультай холбоогүй хэмээн тайлбарласаар…
-Малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаатай зээл олгож, дэмжлэг үзүүлнэ-
Засгийн газрын малчидтай холбоотой гаргаж буй шийдвэр бүр хоёр талтай. Нэг талдаа төрийн зүгээс хүндрэлтэй нөхцөл байдалд орсон малчдадаа дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Нөгөөтэйгүүр малчидтай холбоотой гаргаж буй эл шийдвэрүүд сонгуулийн саналд эерэг үр дүн авч ирэхийг ч тооцоолж харсан хэрэг.
Тиймдээ зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлөлттэй холбоотой шийдвэрээс гадна зуднаар малгүй болсон малчин өрхүүдэд олгох дэмжлэгийг гаргаж ирэв. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цас, зудын нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаатай зээл олгож, дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.
-ОНОО НЭМЭХ АЛХАМ: Барьцаа хөрөнгөгүй малчин 20 сая төгрөг хүртэлх зээл авахад Зээлийн батлан даалтын сан 100 хувь батлан даах хуулийн төслийг өргөн бариад байна-
Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дүнд “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан гэх. Үүний хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоршооны гишүүн малчин Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтаар 50 сая хүртэлх зээл авах боломж бүрдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгөгүй малчин 20 сая төгрөг хүртэлх зээл авахад Зээлийн батлан даалтын сан 100 хувь батлан даахаар тусгаад буй бөгөөд хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд яваа.
Энэ мэтчилэн эрх баригчид сонгууль дөхсөн эл өдрүүдэд сонгогчдоос оноо авах шийдвэрүүдээ ээлж дараалан гаргасаар. Харин эдийн засагчид тэдний гаргаж буй зарим шийдвэрт түр зуурын, сонгууль дагасан, эдийн засгаа бодохгүй байгаа алхам хэмээн шүүмжлэлтэй хандаж байна