О.Цогтгэрэл: УИХ дахь Ардчилсан намын бүлгээс, С.Зориг агсаны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардаж, ҮАБЗ-д хандана
УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн /2024.04.22/ хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа. Бүлгийн өргөтгөсөн хуралдаанд Ардчилсан намын дарга, удирдлагууд болон 2008 оноос хойш УИХ-д сонгогдож байсан УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлэгийн дарга О.Цогтгэрэл “Өнөөдөр бид хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, Сүүлийн үед УИХ-аар гарч буй тогтоол шийдвэрүүд нь сонгуульд зориулсан. Шууд иргэдэд мөнгө тараахад чиглэсэн. Сонгогчдын саналд нөлөөлхийг оролдож, МУ-д өнөөг хүртэл тогтож ирсэн санхүүгийн миханизмыг эвдсэн хуулиудыг гаргаж байна. Хоёрдугаарт, Бид улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцаж, сүүлийн үед хэвлэл мэдээлэлд гарч буй С.Зориг агсны хэрэгтэй холбоотой улс төрд ашиглагдаж буй зүйлсийн талаар гишүүд маань байр сууриа илэрхийллээ. С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог болсон. Угаас хэргийн материалыг ил тод болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан анхаарал тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.