Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

0

Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. 30 жил ярьсан Баялгийн сангийн хуулийг энэ парламент хамгийн сүүлийн чуулганаараа батлав. Энэ хуулийн зорилго нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо, ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх юм. 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордод 16 орд газрыг хамруулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ 16 ордоос долоо нь төрийн мэдэлд байна. 100 хувь биш ч тодорхой хувийг төр эзэмшиж байна гэсэн үг. Харин бусдыг нь хувийн аж ахуй нэгжүүд авсан. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулиар стратегийн орд газрын 34 хүртэлх хувийг төр үнэгүй авах боломжтой болж байгаа юм.

Баялгийн сан дотроо Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан гэсэн гурван сантай байна. Гэхдээ төрөлжсөн сан хооронд хөрөнгө шилжилт хөдөлгөөн хийхийг хуулиар хориглосон.

Хуримтлалын сан төрийн болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын орлогоос төвлөрүүлнэ. Тодруулбал, төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашиг, төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг төвлөрүүлнэ. Тус санд иргэн бүрд нэрийн данс нээх бөгөөд иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжтой болж байгаа аж. Цаашдаа иргэд өөрсдийн дансанд ямар хэмжээний хуваарилалт хийсэн гэдгийг гар утсан дээрээсээ харах юм. Мөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны алинд нь зарцуулах хүсэлтэй байгаагаа илгээх боломжийг бүрдүүлнэ. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.

Хөгжлийн сан нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдүүлнэ.

Хөгжлийн сангаар ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлэх саналыг Засгийн газар гаргана. Засгийн газрын гаргасан саналыг УИХ батална. УИХ-ын гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлнэ.

Ирээдүйн өв санд хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулахаар хуульд заасан. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкин дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна. Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хүртэлх хувийг, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдүүлнэ. Түүнчлэн, Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгийг хөрөнгө оруулж, өсгөж арвижуулна. Тодруулбал, Засгийн газар Монголбанктай хамтраад хөгжилтэй орнуудын Засгийн газрын бондыг худалдаж авах гэх мэт аргаар сангийн хөрөнгийг арвижуулна.

Та Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бүрэн эхээр нь эндээс харна уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *