Урвагчдын улаан нүүр илэгтэй!

0

Нэг.

Живж яваа хүн хөвж яваа мөчрөөс зүүгддэг гэдэг. Өнгөрсөн Бямба гаригт Х.Баттулгын хэвлэлийнхний өмнө ил гарч ирсэн гол шалтгаан нь С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж эмгэнэхдээ биш болох нь түүний хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагаас тодорхой уншигдав. Үндсэндээ, өнөөдрийн АН-д Х.Баттулгын эзлэх орон зай улам бүр хумигдаж буй нь түүний үг-үйдлээс нь илэрхий байлаа.

Ардчилсан намд бодлогын шинэчлэлт явагдаж, тус нам дахь фракциуд үнэт зүйл дээрээ эвлэлдэн нэгдэх болсон нь мэдээж Х.Баттулга таалагдахгүй нь ойлгомжтой. Ардчилсан нам хэрүүл зодоонтой байх нь Женко.Баттулгад ашигтай, ийм зорилгоор өнгөрсөн найман жил АН-ын лидер болгоныг нэг нэгээр нь барьж авч нэр зүсгүй болгосон гол хүн юм.

Түүнийг АН-ыхныг хоморголон баривчилж, хилс хэрэг тохсонд нь У.Хүрэлсүх шүүмжлэлтэй хандаж байгаагаа “Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ. АТГ болон хууль хүчний бусад байгууллага нэг хүнээс хараат бус байлгахын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүн дуудаж, хэн нэгэн хүнд ял өгдөг, гэм зэмгүй хүмүүсийг хууль шүүхээр шоронд хийдэг, гэсгээдэг, өөрийнхөө сонгуулийн өрсөлдөгчийг хууль хүчний байгууллага ашиглан намнадаг. Хуулийн байгууллага, шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг. Ийм төрийн тэргүүн байж таарахгүй” гэх үгээр илэрхийлж байсан удаатай. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Х.Баттулгыг Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас ял өгдөг, ял захиалдаг байсныг чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. Гэх мэтчилэн олон улстөрч Х.Баттулга хэн болохыг ил шулуухан мэдэгдэж байсны нэг нь С.Эрдэнэ. Тэрбээр  гадаад, дотоодын улс төрийн зорилгоор хууль хүчнийхнийг ашиглан АН-ыг тарамдуулсанд бухимдахдаа “Оросын гар хөлүүдэд АН-ыг өгөхгүй” гэж үг дайж байсан нь хэдхэн жилийн өмнөх үйл явдал юм.

Тиймээс Женко.Баттулгаас асуух асуулт байна, АН-д алхаж орон нүүр танд бий юу гэж?!. Хувийн ашиг сонирхол, албан тушаалын төлөө АН-ыг, Монголын ардчиллыг худалдаж идэхээс буцахгүй, цагтаа, улс төрийн номер нэг байхдаа улсаа ШХАБ-д элсүүлж, цаазын ял сэргээхийг хүсч явсан хүн Ардчилсан нам, түүний үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэнэ гэвэл үнэндээ хүүхэд ч хууртагдахгүй биз.

Хоёр.

Нэгэн цагт заналтайгаар Ерөнхий сайдаас нь огцруулсан Женко.Баттулгатай нэг завин дээр суусан Н.Алтанхуяг ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд хайртайдаа Ардчилсан намд эргэж ирсэн юм биш. Албан тушаалын төлөө Ардчилсан намыг ашиглах гэсэн арга заль нь энэ юм. Ардчилсан нам засгийн эрх барих бүрт алтан гадас шиг хадаатай явсан ганц хүн бол Н.Алтанхуяг. Монголын улстөрд урьд, өмнө нь манан бүлэглэл гэж байсан нь үнэн бол түүний тэргүүн эгнээнд Н.Алтанхуяг бичигдэнэ. АН, МАН-ын хамтарсан засаг болгонд тэрбээр албан тушаал, эрх мэдлээс ангид яваагүй юм.

Н.Алтанхуяг Ардчилсан намд эргэн ирсэн АН-ын листэнд орж, албан тушаалд хүрэх гэсэн алсын бодлого нь гэхэд бодит үнэнээс зөрөхгүй. АН-ын залуус ах нараа зайгаа тавиад өг гэж шахдаг. Атал 70 нас хүрч яваа Н.Алтанхуягаас Н.Алтанхуягийн яриад байгаа өнгөрсөн 30 жилийн алдаа холуур тойрохгүй гэсэн үг. Ардчилал гажуудсан бол, Ардчилсан нам үүнд буруутай бол Н.Алтанхуяг адилхан хариуцлага хүлээх ёстой. Учир нь, тэр ганцаараа гар цэвэр, нэр цэвэр хүн биш. 1998 онд Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан, 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайд, 2008-2012 онд С.Баярын засагт Монгол Улсын Тэргүүн шадар сайд, 2012-2014 онд Ерөнхий сайдын алба хашч ирсэн, олон төрд “нүүртэй” нэгэн билээ. Ерөнхий сайд байхдаа ЗГХЭГ-ын ах дүүсийн алба болгож хувиргасан нь түүний намтарт бичигдэх нэг хар толбо байх нь гарцаагүй.

Гурав.

Ж.Батзандан, Лу.Болд хоёр хэвлэлийнхэнд хандаж, “Бид АН-ын бүлгийг тарааж байна” гэж хэлээд Ардчилсан намын хаалгыг савж гарсан нь 2018 оны арванхоёрдугаар сар. АН-ынхан бүгд шахуу гудамж метрлэж явахад парламентад есөн суудалтай байсан сөрөг хүчнийг бүлэггүй болгосныхоо шагналд Ж.Батзандан  Австралид Элчин зөвлөх, Лу.Болд Бельгийн хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалыг МАН-аас авсан нь үүх түүх, мөр зүгтэйгээ цаасан дээр ч, цахим ертөнцөд ч үлджээ.

Авчиг Австралийн Элчин зөвлөхийн албан тушаал нь улс төрийн цөллөг шиг санагдсан уу, ямартай ч Ж.Батзандан нүүр номдоо хуурай, нойтон агсам тавьж, Ерөннхийлөгч У.Хүрэлсүхтэй ил цагаан дайсагналцаж байв.

Тэгвэл сарын өмнө Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж “МАН биш бол бусад намаас нэр дэвшихэд бэлэн” гэсэн нь АН-ын дарга Л.Гантөмөр болон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт хэвлэлийнхнээр дайсан “ашиг сонирхол” нь байв. Түүний бусдад дуулгах гэсэн зорилго нь “Иргэн Ж.Батзанданг эрх баригч нам гурав дахь удаагаа шоронд хийлээ. Өмнө нь 2008 онд жагсаал хийсэн гэж, сая хэрээ мэдэхгүй дарвалзсан гэдэг зүйл ангиар хоёр сар 15 хоног шоронд хорилоо. Амаа үдүүлсэн дөрвөн жил төгсч, одоо үгээ хэлнэ. Эрх баригч намын үйл ажиллагаанд дүгнэлт өгнө. Дөрвөн жилийн өмнө надтай тэмцэж явсан хүмүүсийн ажилд дүгнэлт өгнө. Сөрөг хүчний блок байгуулагдвал би нэр дэвшинэ” гэх үг.

Энэ үгнээс нь АН-ын нэрийг ахин ашиглаж, албан тушаалд хүрэх гэсэн арга заль сүвэгчилж яваа нь хэнд ил тод уншигдаж байна. Ж.Батзандангийн хувьд хувийн эрх ашгийн төлөө  тахиа донгодохоос өмнө Л.Гантөмөрөөс гурвантай урвахаас сийхгүй.

АН-ын дарга Л.Гантөмөр аль болох зөөлөн хүчний бодлогоор намаа удирдаж, сонгуульд орох тактик хэрэглэж байгаа. Гэхдээ АН-аас нэг урвасан хүн хоёр дахиа урваж чадна. Х.Баттулга ч, Н.Алтанхуяг ч, Ж.Батзандан ч АН-ын үнэт зүйлийг хамгаалсандаа, ардчиллын төлөө зүтгэж гэж АН-д эргэж очоогүй. Юу үнэн, энэ л үнэн.

ЖИЧ: Монголчууд айх нүүрэндээ адсага наах, ичих нүүрэндээ илэг наах гэлцдэг. Товчхондоо, айж ичих нүүргүй хүнийг хэлж буй нь энэ!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *