Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрээр, “Ачит Ихт” компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй хугацаанд ажилласан. Өнөөдөр дүнгээ танилцуулж, Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүдийг өглөө.
Нэгд, “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээг биелүүлэх. “Ачит Ихт” компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд, 2013 онд Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүссэн байдаг. Ингээд 2014 онд байгуулсан гэрээ нь Эрдэнэт үйлдвэр 34 хувийг нь эзэмших байсан. Харамсалтай нь, 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарч байсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан байдаг. Тэгэхээр уг шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрийг гаргаж байсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагуудад шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Яагаад гэхээр өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ачит Ихт” компанийн нийт борлуулалтын орлого 535 сая доллар орчим байдаг. Үйл ажиллагааны зардал маш бага байдаг. Яагаад бага гэж байна гэхээр энэ орд үүсмэл орд. Үүсмэл ордыг бий болгоход Эрдэнэт үйлдвэр 500 орчим сая долларыг зарцуулж бий болгосон учраас ордыг ашиглаж олсон орлого зүй ёсоор тодорхой хувь нь Эрдэнэт үйлдвэрд шингэж байх ёстой.
Хоёрт, өнгөрсөн найман жилийн хугацаанд эзэмшээд олох байсан орлого буюу 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх үүрэг чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Гуравт, 500 орчим сая долларыг зарж бий болгосон үүсмэл ордууд 100 Эрдэнэт үйлдвэрийг өмч байх ёстой. Тэгэхээр Ачит Ихт компанийн өмчлөөд байгаа тэрхүү овоолго бол Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн өмч байх ёстой. Энэ чиглэлд Эрдэнэт үйлдвэрийнхнийг өөрсдөө судлаад холбогдох шийдвэрийг гаргах үүрэг чиглэлийг өгсөн гэв.