Н.Энхчимэг: Т.Доржханд гишүүн “би МАН-ын энэ хүнтэй харцаараа ойлголцдог болсон” гэхийг сонсоод эгдүүцэл төрж ХҮН намаас гарсан
Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөрийн Үндэсний Намын /ХҮН/ гишүүн Н.Энхчимэг намаасаа гарах өргөдлөө ХҮН намын дарга Т.Доржхандад албан ёсоор өгч байгаа дүрс бичлэгээ цахим орчинд цацаж, олон хүний анхаарлыг татсан. Тэрээр өнгөрсөн хугацаанд ХҮН намд итгэл алдарсанаа, залуусыг цаашид тус намд элсэж итгэл сэтгэл, цаг хугацаагаа алдахгүй байхыг энэ үеэрээ хэлж байсан юм.
Бид түүний намаасаа гарах болсон шалтгаан, ХҮН намын дотоод асуудал болон түүний улс төрийн талаарх үзэл баримтлалын талаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэгтэй уулзаж ярилцлаа.
-ОЛОН УРГАЛЬЧ ҮЗЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙН ХЭМЖЭЭНД ЭНЭ НАМ ҮЗЭЛ САНААНЫ ХЭТ БООГДМОЛ БАЙДАЛД ОРСОН-
-Сайн байна уу, өөрийн тань хувьд ХҮН-д анх хэзээ, яагаад элсэх болсон талаараа яриагаа эхэлье. Өмнө нь ямар нэгэн улс төрийн намд харьяалагдаж байв уу?
-Өмнө нь улс төрийн ямар нэгэн намд харьяалагдаж үзээгүй. Жирийн нэг иргэн, ээж хүн байсан. 2018 онд цэцэрлэг сургуулийг улсад авах иргэдийн хөдөлгөөнийг удирдаж явж байгаад “ер нь энэ улс орон чинь биш болчихсон байна шүү, үр хүүхдийнхээ төлөө бид нар дуу хоолойгоо хүргэхгүй бол иргэдийн асууддлыг мэддэг хүн байдаггүй юм байна” гэсэн ойлголт авсан. Манай улс орны нөхцөл байдал хүнд болчихсон юм байна, зөв шударга дуу хоолой хэрэгтэй юм байна гэж бодоод тухайн үед “Хүн” академи гээд нэг сургалт явж байсан. Мөн “ХҮН”-ын н.Золжаргал гээд залуу байдаг, түүний сургалтанд очоод ингээд л улс төрийн замналд орж байгаа юм. Тэгэхээр өмнө нь ямар ч улс төрийн туршлагагүй байсан учраас АН, МАН ч байна уу аль аль нь хээл хахуульд холбогддог асуудалтай байсан гэж бодоод харьцангуй шинэ залуу нам гэж маш өндөр хүлээлттэйгээр ХҮН-ын гишүүн болж элссэн.
-Энэ намаас яагаад гарах болсон талаараа дэлгэрэнгүй яриач? Тухайн үед лайв дээр нэлээн бухимдалтай харагдсан?
-2020 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд ХҮН-д ороод өөрчлөлт хийх өндөр хүсэл эрмэлзэлтэй байсан л даа. Асуудал бүрийг нь тухай бүрт нь хэлээд, дүрэм журмыг нь уншиж танилцаад энэ нь болохгүй байгаа юм уу гэх мэтчилэн санаа бодлоо илэрхийлээд явсан. Тэр бүрт маш хүйтэн хөндий харилцаа гаднаас мэдрэгддэг байсан. Гэсэн хэдий ч олон жил улс төрд ажилласан хүмүүс юм чинь гэж бодоод ойлгохыг хичээдэг байсан. Хугацаа өнгөрөх тусам итгэлцэл бий болох байх гэж бодсон боловч харамсалтай нь яг л өөрсдийн ойрын хүмүүсийг оруулж ирж, итгэл хүлээлгэдэг юм билээ. Түүнээс биш яг өөрсдийн итгэл, зоригоороо явж байгаа залуучуудыг дэмжих гэхээсээ илүү тандалтын байдалтай их удаадаг юм билээ. Ямар ч итгэл хүлээлгэх чадваргүй. Аливаа хүн намд орж байгаа тохиолдолд өөрийг нь удирдан чиглүүлэх лидер хүнээ сонгох эрх чөлөөтэй байх ёстой. Гэтэл томилгоо байдлаар ирдэг хүмүүс бол улс төрийн намын хувьд хүлээн зөвшөөрөгдөхөөр лидер биш.
Нам дотор дотоод ардчилал байхгүй байна гэдэг нь цаашдаа энэ нам тэлэхгүй, хөгжихгүй. Нам хөгжихгүй байна гэдэг нь улс, эх оронд хор уршигтай. Би дөрвөн жилийн турш үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нам доторх болохгүй байгаа зүйлсийг ил тод хэлж, ярьсаар ирсэн. Үүнийг эсрэгээр нь “чи хэтэрхий өөрийнхөөрөө байна” гэдэг ч юм уу шүүмжилдэг байсан. Олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч чадахгүйн хэмжээнд энэ нам үзэл санааны хувьд хэт боогдмол байсан. Үүнийг л би эсэргүүцсэн, намынхаа дүрмийг өөрчил гэсэн. Мөн 2024 оны сонгуульд эмэгтэйчүүдийг 50:50 хувиар дэвшүүлнэ гэсэн амлалт өгсөн. Үүнийгээ олон нийтэд ч ил зарласан. Гэтэл эмэгтэйчүүдийг оруулахдаа ялах магадлал хамгийн бага тойргуудад тавьж байна. Энэ нь нэг талаасаа эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа мэт харагдах ч нөгөө талаасаа зүгээр нэг амархан аманд нь орох байдлаас асуудлыг тавьж байгаа нь эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа асуудал огтоос биш. Миний хувьд энэ мэтчилэн маш олон асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Нам дотроо ч хэлсэн, ганцаардсан. Намын дотоод ардчилал байхгүй учраас энэ нам цаашдаа улс орны бодлогыг авч явах хэмжээнд төлөвшиж чадах уу гэдэг дээр эргэлзсэн. Дотроос нь ганцаараа дуугараад өөрчилж чадаагүй учраас олон нийтэд ил зарлаж, залуучууд хохирох вий гэдгээс болгоомжилсон.
-ИРЭХ СОНГУУЛЬД ЯЛАХ МАГАДЛАЛ ХАМГИЙН БАГА ТОЙРОГТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭРИЙГ ТАВЬЖ БАЙНА-
-Тэгэхээр өнгөрсөн хугацаанд намын томоохон шийдвэрүүдийг Т.Доржханд гишүүн болон түүнтэй ойр холбоо бүхий хүмүүс гаргаж ирсэн байх нь?
-Ер нь бол тийм. Нэг хүнд таалагдах, нэг хүний тархиар энэ намын бодлого явах юм бол энэ намд гишүүд гэх залуучууд байх хэрэггүй байхгүй юу. Энэ залуучуудын итгэл зоригийг авч улс төрийн намын хувьд хүрээгээ тэлж байгаа гэдгээ ойлгоод залуучуудын оролцоог зохих хэмжээнд нь хангах ёстой гэж хувьдаа үзэж байна.
-МАН засаглаж байх хугацаандаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, гишүүдийн тоог нэмж 126 болгох, түгжрэлийн хууль баталж татвар, торгууль нэмэгдүүлэх гэх мэт иргэдийн эрхийг зөрчиж, шүүмжлэл дагуулсан хэд хэдэн хууль баталсан. Эдгээр хуулиудыг батлахад ХҮН-ын оролцоо хэр байсан гэж та хардаг вэ, ХҮН-ын дарга Т.Доржханд гишүүн мөн давхар дээлийн хязгаарыг хүчингүй болгох санал гаргаж иргэдийг нэлээн бухимдуулсан шүү дээ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яах ч аргагүй ХҮН-ынхан барьж эхлүүлсэн. Пропорциональ тогтолцоог оруулах нь зөв, гэхдээ яаж оруулах вэ гэдэг нь маш чухал. Гишүүдийн тоог нэмэх нь бол тэдний хараат бус байдлыг багасгах зорилгоор оруулж ирсэн гэж боддог. Гэтэл түүний хажуугаар “давхар дээлийн асуудал” орж ирсэн. “Давхар дээл” гэдэг чинь засаглалын хямралын нэг хэлбэр. Төлөөллийн ардчилал гэдэг зүйл устаж үгүй болохын нэг суурь үндэс. Төлөөллийн ардчилал гэдэг зүйлийг баг, хороо, дүүрэг гээд бүх шатанд нь хангахгүй бол өнөөдөр парламентад “давхар дээл” гэдэг зүйл яриад сууж байгаа нь өөрөө эмгэнэл, ардчилалын доройтол.
-Т.ДОРЖХАНД ГИШҮҮН НЭГ САЙДЫН НЭРИЙГ ХЭЛЭЭД “БИ ЭНЭ ХҮНТЭЙ ХАРЦААРАА ОЙЛГОЛЦОХ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН” ГЭХИЙГ СОНСООД ДОТОР УРАХ ШИГ БОЛЖ, ЭГДҮҮЦЭЛ МАШ ИХЭЭР ТӨРСӨН-
-Та лайв хийх үедээ ХҮН МАН-тай нүдээрээ ойлголцдог болсон гэх ноцтой зүйл ярьсан. Та ямар учраас энэ үгийг хэлэх болов? Үүнийг би Т.Доржханд гишүүнд хандаж хэлсэн гэж ойлгосон?
-Надад УИХ-ын тодорхой тойрогт нэр дэвших саналыг тавьсан. Ингэхдээ мэдээж тактикийн асуудал ярьсан. Ярилцаж байх хугацаандаа нэг сайдын нэрийг хэлээд “би энэ хүнтэй харцаараа ойлголцох хэмжээнд ойлголцдог болсон” гэж хэлсэн. Тэрийг нь сонсоод би өөрөө залуу хүний хувьд, МАН-ын болохгүй, бүтэхгүй байгаа өчнөөн асуудлыг олон жил харсан хүний хувьд дотор ураад л явчихсан. Сонгуулийн томсгосон тойрог жижиг намын хувьд хэзээ ч амжилт авчрахгүй. Гэтэл энэ асуудлыг намдаа ярилцахгүй ганцаараа бие дааж очоод намын хувьд ямар ч ашиггүй шийдвэрийг “за” гээд дэмжиж байгаа нь залуучуудыгаа золигт гаргаж байгаа л жишээ байхгүй юу. Сонгогчдын боловсрол доогуур байгаа энэ үед ийм увайгүй байдлаар улс төр хийнэ гэдэг нь намын даргын хувьд байж болохгүй асуудал. Намуудын арга нар хоорондоо юу ярьдаг, яадаг гэдгийг мэдэхгүй. Гэхдээ надтай ярихдаа тэгж хэлсэн нь миний эгдүүцлийг маш их хүргэсэн. Ер нь бол тэгээд л намаас гарах шийдвэрээ гаргасан даа.
-Цаашдаа яах бодолтой байна? Өөр намд элсэх үү?
-Лайв хийсний дараа маш олон улс төрийн нам, эвсэлээс санал ирсэн. Одоогоор шийдсэн зүйл алга. Улс төрийн намыг сонгоно гэдэг өөрөө их асуудалтай байдаг юм байна.
-Лайв хийсний дараа ХҮН-аас тантай холбогдсон уу, ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн үү? Мөн бусад хүмүүс яаж хүлээж авч байна?
-Надад бол дарамт үзүүлж чадахгүй. Яагаад гэвэл би нэлээд бие даасан, хараат бус гишүүн байсан. Харин сошиалаар нэр, нүүрээ нуусан троллуудаар юм бичүүлсэн. Гэхдээ би түүнд ач холбогдол өгөөгүй. Бусад хүмүүсийн хувьд утсаар болон мессежеер холбогдож “зөв зүйл хийлээ, энэ олон залуучуудын дуу хоолойг чи хүргэдэг байсан шүү” гэх мэтээр дэмжиж байсан. Тиймээс ХҮН ахин олон залуучуудаа алдахгүйн тулд намынхаа дүрэмд өөрчлөлт оруул, намынхаа буруу соёлыг хал. Тэгэхгүй бол энэ нам цаашид хөгжихгүй шүү гэж захиж хэлмээр байна.
Эх сурвалж: isee.mn