Хувааж, хулгайлах биш хурааж, хуримтлуулах САН!

0

2017 онд, гадаадын нэгэн сайтад Монголын тэргүүн арван баяны тухай мэдээлэл тавигдаж байсан юм. Уг жагсаалтад “MCS”-ийн  Ж.Оджаргал, “Гацуурт”-ын Л.Чинбат, Х.Баттулга, “МАК”-ийн Б.Нямтайшир, Сү.Батболд, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, “Ньюком”-ын Ц.Болдбаатар, Лу.Болд, Г.Батхүү асан, сахал Д.Эрдэнэбилэг нар багтсан байдаг. Тэдний дийлэнх нь уул уурхайн магнатууд. Тэд өнөөдрийн “өндөрлөг”-т хүрэхийн тулд өөрийн хөлс хүчээ ч урсгасан, өөр бусад хүчин зүйлүүд бас нөлөөлсөн нь үнэн. Монголд мэдээлэлд ойр хүмүүст илүү боломж олгодог бичигдээгүй хууль олон жил үйлчилсэн, одоо ч ийм хэвээрээ байгаа. Дээгүүрээ ДОХ-ыг хүртэл хуваагаад идчихлээ гэх онигоо  үнэндээ бодит амьдралаас гарсан сарказм.

Арван найман мянган ам.долларын үнэтэй оргилуун дарс буудуулж, онгоцоор  авчирсан австрали үхрийн мах, солонгос будаагаа идэж, япон саке, ирланд виски шимж суудаг Монголын баячууд нийт хүн амын ердөө нэгхэн хувийг эзэлдэг. Атал 27.8 хувь нь ядуугийн ядуу. Сайд асан Д.Сарангэрэлийн хэлснээр Монголын гурван хүний нэг нь улаан шугамаас доогуур, “улны” төвшинд амьдардаг нь “бузар гүтгэлэг” болохгүй юм.

Монгол Улс газрын доороо зэсийн 56.5 сая тонн нөөцтэй, үүгээрээ дэлхийд есөд бичигддэг, нүүрсний таамаг нөөц нь 173 тэрбум тонн агаад эхний 10-т багтдаг, газрын ховор элемент, уран, алт, мөнгө, төмрийн хүдэр гэхчилэн чамгүй баялагтай. Гэсэн атлаа хүн амынх нь гуравны нэг ядуу амьдарч байгаа нь баялгийн хараалдаа баригдсаны шинж тэмдэг. Баялгаа хувааж хуримтлуулахаас илүү хувааж, хулгайлж идсэний үр дагавар. Цөөнх нь уул уурхайн өрмийг нь хамж, хусмыг нь “төсөв” нэрээр улстөрчид хуваадаг. Дундаас нь сайд, дарга нар нь хулгайлж, нэг хэсэг нь долларын тэрбумтнууд, нөгөө хэсэг нь төгрөгийн гуйлгачид болсон ниймийг бүтээсэн үү, бүтээсэн. Тэглээ гээд өнгөрснөө зүхээд суух биш ирээдүйнхээ төлөө нэг ч гэсэн лаа асаах ёстой юу, ёстой.

Үндэсний баялгийн сан бол шинэ сэдэв биш. Гэхдээ тогтолцоо нь хуучин сангуудаас өөр. Хуучин гэдэг нь Монгол Улс 2009 онд Хүний хөгжлийн санг байгуулсан. Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, үүнийгээ нийтэд хуваарилах зорилготойгоор.

Гэвчиг, санд орж ирсэн орлогоо иргэддээ сар болгон “эх орны хишиг” нэрээр тарааснаас болоод авдраа хоосолчихсон. Авдрын ёроолоос нь атга гурил ч гарахаа больсон. Хорлонтой нь, Монгол гэх шинэ баяны цээж өвчин ингэж эхэлсэн. Хоржоонтой  нь, “эх орны хишиг”-үүд Эрээний хөгжилд зарцуулагдсан.

Иймээс 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг УИХ-аар батлаж, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг хүчингүй болгосон юм. Сангийн мөнгийг зөв эргэлдүүлж чадвал 2075 онд Ирээдүйн өв сан 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болно гэж тухайн үеийн засаг тооцож байлаа. Харамсалтай нь өнөөдөр Ирээдүйн өв сан нь мөнгөгүй, эрх баригчид хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхсөн байдалтай,  үе, үеийн Засгийн газар гал алдахаараа гар дүрдэг “төсөв” болж хувирсан.

Тиймээс Үндэсний баялгийн санг ялсан намын “төсөв”, ёроолыг нь ухдаг авдар болгохгүйн тулд  бодлогын томоохон өөрчлөлтүүдийг оруулсан байна.  Нэгд, Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлтэй байх аж.

Хоёрт, Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх арвижуулахад чиглэгдэнэ. Хуримтлалын санд хуримтлуулсан орлогоор Монгол Улсын иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авах зэрэг зориулалтаар дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн сангийн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэнэ. Гуравт, Монгол Улсын иргэн бүр хуримтлалын нэрийн данстай байхаар зохицуулсан.

Стратегийн ач холбогдолтой 15 ордын нэг Цагаансуваргын ордынхоо 34 хувийг хуулийн дагуу төрд өгөхөөр болсон, “МАК”-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаанд ногдох ногдол ашиг өмнө нь Ирээдүйн өв санд ордог байсан бол одоо өргөн барьсан хуульд  Хөгжлийн сан руугаа оруулахаар зохицуулсан байна. Монголын ард түмэн байгалийн баялгаа шударга, тэгш хуваан хүртэх ёстой. Мөн өмнөх жилийн эрдэс баялгийн орлогын гүйцэтгэлээс давсан хэсгийн 20 хувь, хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх замаар татварт орж ирж байгаа нэмэлт орлогын 50 хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлдэг байсныг больж бас Хөгжлийн сан руу шилжүүлэхээр тусгажээ. Харин үүсмэл ордоос авах АМНАТ-ыг Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр болсон нь өв байх” гэж Засгийн газрын реформыг дэмжсэн ярилцлага өгчээ. Ингэхдээ “…Хэзээ нэгэн цагт “Стратегийн ордын тухай” нээлттэй сонсгол бүү болоосой” гэх  анхааруулгын ард өгч буй гол агуулга нь “…Ирээдүйн өв сангийн хяналт, удирдлага нь Монголбанкны хатуу хяналтан дор, улс төрөөс хараат бус, шилэн байх ёстой” гэх зөвлөгөө.  Түүнчлэн Б.Нямтайшир дэлхийн улс орнууд стратегийн ач холбогдолтой эрдсийн баялагт ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулдаг талаар ч дурджээ. Энэ харин шинэ сэдэв юм. Монголын парламент стратегийн орд гэх томъёоллоо, 2007 оны тогтоолоо өөрчлөх цаг болсон уу, болсон. Үндэсний баялгийн сангаа дэлхийн жишигт хүргэе гэвэл стратегийн орд гэх томъёоллыг өөрчилж, шинэчлэхгүйгээр хөгжих боломжгүй.

Эцэст нь Үндэсний баялгийн сангийн үндсэн концепци нь байгалийн баялгаа зөв хуваарилах тухай юм. Түүнээс тэгш хуваарилна гэх нэрээр бүгдэд нь эн тэнцүү мөнгө тараах  асуудал биш байх, мөн үү?!

Урьдын хэрэг явдал шиг, ЖДҮХС, БЗС, Хөдөө аж ахуйг дэмжих сан, ТЭДС мөнгийг улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс хувааж, хулгайлдаг “төсөв”-өөс өөр,  олсноо хурааж, хуримтлуулах тухай бодлогыг реформ гэж ойлгож байгаа, зөв үү?!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *