Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргэлээ
Үндэсний аудитын газарт нийт 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулан, дүгнэлт гаргуулахаар ирүүлснийг хуулийн хугацаанд үзэж хянан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр (2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр) хүлээлгэн өглөө.
Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн нийцлийн аудитын дүнг танилцуулан хүлээлгэн өгөв.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны 3 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд хүлээн авч, Төрийн аудит MNS 6817:2020 стандарт, түүнийг хэрэгжүүлэх журам, заавар, аргачлалыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус шалгуур болгож хянан үзэхэд шаардлага хангасан гэж үзэх мөрийн хөтөлбөр ирүүлээгүй байсныг буцааж, дахин засаж ирүүлэхийг зөвлөсөн.
Нам, эвслээс хуульд заасан хугацааны дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн мөрийн хөтөлбөрт аудит хийж, 27 нам, 2 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн тухай дүгнэлт гарган Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.13-т заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал Төрийн аудитын байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулах юм.
Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн хандивын тайланг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл Үндэсний аудитын газарт хүлээн авч, аудит гүйцэтгэн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.