ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ БИРЖЭЭР АРИЛЖААЛЖ ЭХЛЭВ

0

Байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд нээлттэй байх, ашигт малтмалыг худалдан борлуулах үйл явцыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, урьдчилан сэргийлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газар, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 6 дугаар сарын 7-ны өдрийн 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжихаар болсон бол 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу өчигдөр /2024.04.29/ зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.

Ёслолын ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцов. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга цан цохих ёслолыг нээж хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр урт хугацааны турш ажилласан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон. Энэ нь улс орны эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөөг үзүүлснийг онцлон хэлье. 

Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмалыг оруулж, төрийн болон орон нутгийн өмчит ААН, ТӨҮГ-ыг экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалахаар тусгасан тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МХБ-тэй хамтран зохих бэлтгэлийг хангасны дагуу өнөөдөр  зэсийн баяжмалын арилжааг ийнхүү эхлүүлж байна” гэв. 

Засгийн газраас эхний ээлжинд Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн нийт баяжмалын 10%-ийг биржээр арилжаалах бодлогыг баримталж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас, бэлтгэл ажлуудыг ханган холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, 2024 оны 3 дугаар сарын 18-нд “Зэсийн баяжмалын биржийн арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг худалдагч, худалдан авагч талуудын оролцоотойгоор танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, арилжааны зарчим болон гэрээний нөхцөл зэрэг асуудлаар мэдээлэл хийн, нээлттэй санал солилцсон.

Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан. Цаашид Оюу толгой төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая.тн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломж бүрдэхээр байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *