ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ УЗБЕКИСТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД Л.КУДРАТОВТАЙ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Узбекистаны Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Кудратовтой ажил хэрэгч уулзалт хийв.
Сайд Б.Батцэцэг хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад Гадаад харилцааны сайдын хувиар Узбекистан Улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын ирэх 30 жилийн үр ашигтай хамтын ажиллагааг нээх түүхэн айлчлал болж буйг тэмдэглэв.
Тэрээр энэ удаагийн айлчлалаар хоёр улсын гадаад худалдааг төрөлжүүлэх, Монгол Улсаас Узбекистан Улсад халал стандартын мах, махан бүтээгдэхүүн, боловсруулсан арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, энэ чиглэлд хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулан хоёр улсын хөдөө аж ахуй, мал эмнэлгийн хорио цээрийн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болсныг онцлон тэмдэглэв.
Сайд Л.Кудратов Узбекистан Улс Монгол Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраа Ташкент хотноо ойрын хугацаанд байгуулах болсныг талархалтай хүлээн авч, бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой болгох, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг шинэчлэхээр ажиллаж буй талаар мэдээлэл өгч, цаашид хоёр улсын нөөц бололцоо, давуу талыг ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Засгийн газар хооронд хоёр талт хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Кудратов нар гарын үсэг зурав.
Талууд хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр, логистикийн салбарт түлхүү хамтран ажиллах сонирхол өндөр байгаагийн зэрэгцээ Засгийн газрын түвшинд уг хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тус комисс чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг санал нэгтэй тэмдэглээд комиссын анхдугаар хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулах, хоёр улсад зохион байгуулах үзэсгэлэн, яармаг, Бизнесийн Форумд хоёр улсын бизнес, аж ахуйн нэгжүүдийн идэвхтэй оролцоог хангах талаар хамтран ажиллахаар болов.
Мөн Монгол, Узбекистаны Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөрийг байгуулах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн байгууллага хооронд шууд холбоо тогтоож, ажлын хэсэг байгуулан ажиллахаар тогтов.