Улс төрийн намууд ба төрийн санхүүжилт
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгээс бүрдэнэ гэжээ.
Мөн 2023 оны 07 сарын 07 өдөр батлагдсан “Улс төрийн намын тухай” хуулийн 26.1.1-д зааснаар улс төрийн намын орлогын эх үүсвэрт төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг багтаж байгаа.
Өөрөөр хэлбэл та бидний төлсөн татвараас улс төрийн намуудыг санхүүжүүлэх тухай асуудлыг хуулийн хүрээнд илүү тодорхой шийдвэрлэсэн.
“Улс төрийн нам”-ын тухай хуулийн 27.1-д Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно гэж заасан. Үүнийг тоогоор илэрхийлбэл сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн хүн тус бүрт 4620₮-өөр бодож намуудад санхүүжилт олгох ажээ. Жишээлбэл, энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2 сая 200 мянга орчим иргэн бүртгэгдлээ гэж бодоход 10,164,000,000₮ (10 тэрбум 164 сая) болно.
Тэгвэл зөвхөн энэ удаагийн сонгуулийн дараагаас намуудад төрийн санхүүжилт олгох юм уу гэвэл үгүй. Өмнө нь ч гэсэн олгодог байсныг жирийн иргэд төдийлөн сайн мэддэггүй.
Өмнө нь | Одоо |
2005 онд батлагдсан “Улс төрийн намын тухай” өмнөх хуулийн 19 дүгээр зүйлд улс төрийн намуудад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 2 хэлбэрээр тогтоож өгсөн байдаг. | Төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь 2023 онд батлагдсан “Улс төрийн намын тухай” хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн санхүүжилт болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгээс бүрдэнэ. |
19.1. Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ. 19.2. Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна. | 27.5. Сонгуулийн төв байгууллага нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд дараах томьёогоор төрийн санхүүжилтийг жил бүр олгоно:Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/Жишээлбэл: “D” гэдэг нэртэй нам 220,000 иргэний санал, парламентад 13 суудал авсан гэж төсөөлье. Энэ тохиолдолд “D” нам төрөөс дараах санхүүжилтийг авна. Н=220,000x(660,000×0,5%)+13×660,000×25 Н=940,500,000 Өөрөөр хэлбэл нийт сонгогчийн 10 орчим хувийн санал, мөн парламентын 10 орчим хувийн суудал авахад ЖИЛ БҮР улсын төсвөөс ТЭРБУМ орчим төгрөгийн санхүүжилт авах нээ. 660,000 нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бөгөөд энэ дүн өөрчлөгдвөл дээрх тоо дахин нэмэгдэнэ гэсэн үг.27.7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос (30%) илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг”-өөр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно. Нэмэх нь төрөөс үзүүлэх шууд бусдэмжлэгийг дурдахгүй байхын аргагүй. |
Өнөөдөр манай улсад дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл өрсөлдөхөөр боллоо. Үндэсний эвсэл (Монголын Ногоон нам, Монгол Үндэсний Ардчилсан нам), Шинэ Нэгдсэн эвсэл (Шинэ нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам)-д нэгдсэн намуудыг тооцвол нийт 27 нам буюу 72,97% нь сонгуульд өрсөлдөх чигтэй байна. Энэ нь урд өмнө хэзээ ч байгаагүй өндөр үзүүлэлт юм. Сонгуульд өрсөлдөх намуудын тоо өссөн нэг шалтгаан нь төрийн санхүүжилтийн дүн өссөнтэй шууд хамааралтай гээд хэлчихэд буруудахгүй байх. Цаашид ч борооны дараах мөөг шиг нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ сонгуульд олон нам өрсөлдөхийг буруушаагаагүй, харин ч олон ургальч үзлийг төлөвшүүлж, бодлогод суурилсан шударга өрсөлдөөнийг бий болгож, төрийн легитим байдлыг хангах үндэс суурь болж өгнө.
1992 оноос хойших УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн тоо, улсын төсвөөс санхүүжүүлсэн сонгуулийн зардалыг хүснэгтээр харуулбал ер нь өссөн дүн харагдаж байна. Гэхдээ энэ өссөн дүн шигээ “үр дүнг” үзүүлдэггүй гэдгийг бид мэднэ.
1992 | 1996 | 2000 | 2004 | 2008 | 2012 | 2016 | 2020 | 2024 | |
Сонгуульд оролцсон нам, эвслийн тоо | 8 нам, 2 эвсэл | 5 нам, 2 эвсэл | 13 нам, 3 эвсэл | 7 нам, 1 эвсэл | 12 нам, 1 эвсэл | 11 нам, 2 эвсэл | 12 нам, 3 эвсэл | 13 нам, 4 эвсэл | 23 нам, 2 эвсэл |
Нэр дэвшигчийн тоо | 293 | 302 | 602 | 244 | 356 | 544 | 498 | 606 | ? |
Улсын төсвөөс санхүүжүүлсэн сонгуулийн зардал | 21 сая | 270 сая | 460 сая | 696,6 сая | 7,2тэрбум | 16,8тэрбум | 16,4тэрбум | 20,4тэрбум | 32 тэрбум |
Иймд сонгогч та эхний ээлжинд сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөх хэрэгтэй. Та сонгууль надаар дутахгүй, ганцхан миний санал юуг ч өөрчлөхгүй гээд саналаа өгөхгүй бол таны хүсээгүй улс төрчид сонгогдож, таны тулгамдсан асуудлыг, хөндөгдсөн эрх ашгийг чинь хэн ч тоохгүй. Дараагийн ээлжинд “хүчтэй хяналт” тавихгүй бол төрийн санхүүжилт нь нэг хэсэг нам дагасан хүмүүсийг тэжээх мөнгө болж хувирах вий дээ. Нөгөө талаас улс төрийн намууд иргэдийн мөнгөнөөс хумсалж байгаагийн хувьд тэдний итгэлийг алдалгүй, намын үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, улс эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэсэн “Шилэн нам” болох л үлдлээ дээ.
Нийтлэлийг ШУТИС-ийн багш, улс төр судлаач Д.Одмаа (Доктор Ph.D, дэд профессор)