Хар алт – ОХУ & Монгол: Шинэ тоонууд юу харуулж байна вэ
Монгол Улс оны эхний дөрвөн сард 1.4 сая баррель боловсруулаагүй газрын тосыг 113.3 сая ам.доллароор экспортолжээ
Гадаад худалдааны статистик мэдээллээс харвал Монгол Улс оны эхний дөрвөн сард 3.4 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсноос 738.2 сая ам.долларыг зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн авахад зарцуулжээ. Тодруулбал: 299.2 мянган тонн шатахуун авсан нь өмнөх оны мөн үеэс 38.4 хувиар, 533.9 мянган тонн дизель түлш авсан нь 35.1 хувиар тус тус өссөн үзүүлэлт болсон байна.
Харин тайлант хугацаанд 1.4 сая баррель боловсруулаагүй газрын тосыг 113.3 сая ам.доллароор экспортолсон нь нийт экспортын үнийн дүнгийн 2.3 хувийг бүрдүүлжээ. Монгол Улсын газрын тосны экспорт сүүлийн жил орчмын хугацаанд харьцангуй нэмэгдэж, өнгөрсөн онд экспортолсон түүхий газрын тосны үнийн дүн импортолсон газрын тосны бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцсэн нь урьд байгаагүй үзүүлэлт байв.
Хэдий тийм боловч газрын тосны олборлолт сүүлийн жилүүдэд буурсаар 2023 онд 600 мянга орчим тонн болсон бөгөөд голлох олборлолт хийгдэж буй Тамсаг, Тосон-Уулын ордын нөөц багасаж, жилийн олборлолтын хэмжээ 400 мянган тонн болох төлөвтэйг УИХ-ын чуулганы үеэр хөндөж байлаа.
БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилттэй газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн Дулааны цахилгаан станц зэрэг багц ажлуудыг Энэтхэгийн компаниуд гүйцэтгэж байгаа бол газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж буй юм.
Хоригт “дасан зохицжээ”
Өнгөрсөн оны намар ОХУ шатахууны экспортоо хориглох гэнэтийн шийдвэр гаргаж, түүнд нь Монгол Улс ч өртсөнөөр дотоодод түлш, шатахууны ноцтой хомсдол үүсэж байв. Түүнээс хойш ОХУ-тай хийсэн яриа хэлэлцээ, мөн БНХАУ-аас худалдан авалтаа нэмэгдүүлсний дүнд шатахууны хангамж тогтворжоод байна.
Оны эхний дөрвөн сард Монгол Улс ОХУ-аас 924.8 сая ам.долларын бараа импортолсноос дийлэнх хувийг нь газрын тосны бүтээгдэхүүн бүрдүүлсэн нь дамжиггүй юм. Владимир Путины Украинд эхлүүлсэн дайны санхүүжилтийг таслан зогсоох зорилготой олон улсын хоригоос үл хамааран ОХУ-ын газрын тосноос олсон орлого өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.
Өнгөрсөн сард тус улсын төсөвт газрын тосны татварын орлогоос нэг их наяд гаруй рубль буюу 11.5 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үед ойролцоогоор 497 тэрбум рубль төвлөрүүлж байсныг ОХУ-ын Сангийн яамны тайлангаас харж болохоор байгаа юм. Мөн тус улсын газрын тос, байгалийн хийн дөрөвдүгээр сарын нийт орлого өмнөх оны мөн үеэс 90 хувиар өсөж, 1.23 их наяд рубль хүрчээ.
“Bloomberg”-ийн эдийн засагч Алекс Исаковын үзсэнээр ОХУ хоригоос үл хамааран ихээхэн орлого олсны цаана дараах шалтгаанууд байгаа аж.
Дэлхий дахины өндөр эрэлт, хумигдмал нийлүүлэлт, геополитикийн эрсдэлүүд газрын тосны үнийг дэмжсэн хэвээр байна.
ОХУ-ын шинээр бий болгосон экспортын дэд бүтэц нь тээвэрлэгч компаниуд, даатгалын үйлчилгээ үзүүлэгчид, хориг тавиагүй худалдан авагчдыг хангаж байна.
ОХУ экспортлогч компаниудын мөнгөний урсгалд хараа хяналтаа нэмэгдүүлсэн.
Дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газар газрын тосны орлогод татвар ногдуулахдаа “Urals” төрлийн газрын тосны баррель тутмын үнийг 70.34 ам.доллароор тооцож ногдуулсан нь төсвийн орлогод ихээхэн дэм болжээ. Ийнхүү ОХУ-ын газрын тосны салбар нь тус улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, батлан хамгаалахын зарцуулалтыг нэмэгдүүлэхэд нь гол нөлөө үзүүлж байна.