Г.Баасан: Сонгуулиар өгснийг нь аваад, авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй нэр дэвшигчдийг дэмжихийг уриалж байна
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 2024 оны зургаадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт явуулна.
Өнгөрсөн 30 жилд манай улс төрийн сонгууль авлигын сонгууль болж хувирсан. Төрд ажиллаж байгаа албан тушаал, эрх мэдэл бүхий хүмүүс эрх мэдлээ хэтрүүлж, давуу байдал олж авч хууль зөрчин сурталчилгаагаа хийдэг. Өнгөрсөн хугацаанд хамгийн их бүртгэгдсэн хэрэг бол авлигын гэмт хэрэг. Үүнийг авторууд нь системийн авлига гэж яриад байна. Сонгууль дагасан авлигын таслан зогсоохын төлөө АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс эсэргүүцэл, шаардлага, зөвлөмж, уриалга гаргаж байна. Уриалгыг Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон танилцуулав.
Тэрбээр, Улс үндэсний эрх ашиг, эрхэм ёсзүйг дээдлэн сахидаг, хэлсэн үг хийсэн ажилдаа хариуцлага хүлээх чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, гэмт хэрэг, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, өв тэгш боловсролтой, эв хамт эх оронч сэтгэлтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг улс төрийн бүх намуудад уриалж байна.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн луйвар, Хөгжлийн банкны дээрэм, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар, төмөр зам, ЖДҮ-ийн зээлийн хулгай гэх мэт олон асуудлыг гаргаж ирсэн. Тэгвэл энэ хулгай дээрэм оролцсон, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхээр шийтгүүлсэн авлигач, улстөрчид тэднийг дэвшүүлсэн нам, улс төрийн эвслийг дэмжихгүй байхыг иргэдэд, сонгогчдодоо уриалж байна.
Сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд тэгш гараанаас шударга, зарчимч өрсөлдөх ёстой. Гэтэл өнөөдөр улс төрийн алба хашиж буй УИХ-ын гишүүд, сайд, дарга нар төсвийн хөрөнгийг ашиглан, төрөөс төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажил, түүний үр дүн тайланг олон нийтэд хүргэх нэрийн дор сонгуулийн далд сурталчилгааг явуулж байна. Энэ бүхэнд татвар төлөгчдийн буюу улсын төсвийг үр ашиггүй зарцуулж байна. Сүүлдээ өөрсдийнхөө хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулахад төрийн албан хаагчдыг ажиллуулах тухай ил тодоор ярьж байна. Энэ бол сонгуулийн ижил гараанаас эхлэх Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл.
Зарим нэр дэвшигчид олон нийтийн сүлжээгээр сонгогчдыг татах Сонгуулийн хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргасаар байна. Иймээс Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүдэд хатуу хяналт тавьж, таслан зогсоохыг СЕХ-ноос шаардаж байна.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиа явуулах гэж байна. Монгол Улсын төрийн эрхийг мөнгөөр худалдаж авдаг байдал ил тод харагдах болсон.
Тиймээс улс төрийн намууд авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн дэвшүүлэхгүй байх, дэвшүүлсэн тохиолдолд өгснийг нь аваад арай шударга, хууль эрхзүйн мэргэжилтэй, олон нийтийн төлөө ажиллах боломжтой хүнээ харж сонголтоо хийхийг ард иргэддээ уриалж байна.