Р.Базарыг үргэлжлүүлэн хорино
“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарыг суллах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүх байгууллагаас гаргажээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 280 дугаартай болон Ерөнхий шүүгчийн 2024 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 531 дугаартай захирамжуудаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллага болон прокурорын хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагын нутаг дэвсгэрийн харьяалах газрын шүүхэд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзжээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2024 оны тавдугаар сарын 9-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай дээрх хүсэлтийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэв.
Р.БАЗАР ЦАХИМААР ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
“Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарын өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр /2024.05.09/ 09.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд хэлэлцэж байна. Түүний өмгөөлөгч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргаад байгаа юм. Шүүх хуралд Р.Базар цахимаар оролцож байна гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ. Яг одоо Р.Базарыг суллах эсэхийг хэлэлцэхээс өмнө нийслэлийн Баянгол дүүрэгт бүртгэлтэй хэрэг нь Сүхбаатар дүүргийн шүүхийн харьяалал мөн эсэхийг хэлэлцэж байгаа аж.
Үүний дараагаар Р.Базар нарыг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг хэлэлцэх юм.
“Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарын ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нэгжлэг хийсэн. Шалгалтын ажлын хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авсан талаар өмнө нь мэдээлсэн.