Баялгийн сангийн балаг их үү, буян их үү

0

Монгол Улс Баялгийн сантай болж, төрийн өмчийн
компаниудын ашигаас иргэдийнхээ нэрийн дансанд
хуваарилан, бэлэн бусаар зарцуулах боломжийг олгож байгаа билээ.Гэхдээ, ингэлээ гээд үнэхээр
Монгол Улс, монголчуудад ашигтай тусах уу гэдэгт
одоогоор хариулт алга байна. Бодох, засаж сайжруулах зүйл харин их харагдана.
Иргэдийн нэрийн дансанд бичигдэх мөнгө нь
“Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байгаа долоон
компанийн ногдол ашигаар хязгаарлагдсан
тохиолдолд маш бага хэмжээтэй байгаа. Энэ нь эрх
баригчид болон ард иргэдийг ногдол ашигаа
нэмэгдүүлэх талаар санал тавихад хүргэсэн. Олон ч
арга зам байна. Харин сонголт нь олон янзын үр дагавартай байж болохоор байна.
“Эрдэнэс Монгол”-ыг тэлэх хамгийн хялбар арга бол
Стратегийн жагсаалтад багтсан 16 ордоо бүгдийг нь
нэгтгэх, улмаар хавсралтад багтсан 39 орд руу орох
явдал мөн. Гэхдээ, хэрэгжүүлэх арга замын хувьд
бодолцох юм байна. Янз бүрийн шийдлүүд бий.
Жишээ нь, төр стратегийн ордуудаа буцаж авлаа
гэхэд эргэлтэд оруулах боломж хэр байгаа вэ.
Ямартай ч улс өөрийн хөрөнгөөр эргэлтэд оруулах
боломж одоо болтол бүрдээгүй байгаа гэдгийг эдийн
засагчид хэлж байна.
Төр Цагаан суваргын ордын зөвхөн 34 хувийг
эзэмшихэд 350 сая ам.доллар оруулах ёстой болж
байсан жишээ бий. Багагүй хэмжээгээр өсгөсөн дүн
байсан гэж бодсон ч хэцүү. Хэрвээ төр өөрөө
хөрөнгөө гаргаад ажиллуулна гэвэл олон жил
шаардана.

Хоёрт, Баялгийн сангийн хууль батлагдсанаар
стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
хувь эзэмшил 34 хувиар хязгаарлагдсан. Хайгуулын
ажилд хөрөнгө оруулаад том орд олоод, 34- өөс дээш
хувь эзэмшье гэвэл Монголын төртэй тохиролцох
болно. Ер нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.8 нь ирээдүйд нээгдэх стратегийн орд гэхээсээ одоо
байгаа “Оюутолгой”-д л зориулсан заалт гэж
харагдаж байгаа. Тэгэхээр, Оюутолгойн жишигээр,
орд олбол Оюутолгойн жишгээр 66 хувиа эзэмшээд
явах, Ашигт малтмалын 5.8-д захирагдах хоёр өөр
бөгөөд хөрөнгө оруулах сонирхолд сөргөөр нөлөөлөх
нь тодорхой юм.
Тэр ч байтугай, аман дээрээ нэгийг яриад, ачир
дээрээ улс орно тусгаарлаж байгаа дохиог өгч
байгаа явдал гэдэг талаас нь хараад үзэхэд гэмгүй.
Баялгийн сантай болж, иргэдэд жилдээ 500,000
төгрөгийн ногдол ашиг өгдөг болох гээд ирээдүйд
хоёр дахь, гурав дахь Оюутолгой, Таван толгойг нээх
хөрөнгө оруулалтыг зогсоож байвал хүндээ
хөнгөнөөс өгсөн хэрэг болно.
Ер нь, төрд ашигт малтмалын орд байснаар ард
түмэнд ашигтай байдаг гэдэг ойлголт өөрөө
өрөөсгөл. Эргэлтэд орж, ашиг олж, төлсөн татвар нь
ард түмэнд ашиг болж очиж байж л ашигтай гэж
үзнэ. Тиймээс ард түмний өмч болох ашигт
малтмалын ордыг эзэмшчихээд ашиггүй ажиллуулах
эрх хэн ч, тэр байтугай төрд ч байхгүй.
Тиймээс төрд юм авна гэхээсээ илүү, одоо төрд
байгаа, ашиггүй ажиллаж хэдэн дарга нарын амьдрах
арга болчихсон 30 гаруй компаниа цэгцлэх, хувийн
хэвшлийн хяналт оруулж ашигтай ажилладаг болгох
нь илүү оновчтой байж мэднэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *