Оросууд манайд атомын цахилгаан станц барьж өгнө гэж хуурч, Францууд манайтай ярьж байсан ураны эх үүсвэрээ Канадаас авч магадгүй байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Францын “Орано майнинг” групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан билээ. Улмаар 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд багтаан эцэслэх байсан ч тодорхой асуудлуудын улмаас хойшилж, төслийг хэзээ эцэслэн батлах нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
-ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН БУСАД АСУУДЛААС ҮҮДЭЖ УРАНЫ ТӨСӨЛ УДААШИРСАН БӨГӨӨД ОЛБОРЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦАА ХОЙШИЛЖ БОЛЗОШГҮЙ БАЙГАА-
Өнгөрсөн хоёдугаар сард бид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболдтой ярилцаж, уг төсөлд ямар асуудлуудын улмаас саад учирч, удаашраад байгаа талаар тодруулахад тэрбээр, “Монгол Улсын татварын тухай хуульд дараагийн 40 жил өөрчлөлт оруулахгүй байх, зэрэгцээ ордуудыг эзэмших, усны төлбөр, цацраг идэвхит хог хаягдлыг хэрхэх зэрэг асуудлуудаас үүдэж гэрээ хэлцэл удааширч байгаа. Манай орны хувьд ураны төсөл анхных учраас маш хянуур ажиллах шаардлагатай байна. Мөн гэрээ хэлцэл удааширч байгаа учир уран олборлохоор төлөвлөсөн хугацаа 2028 оноос хойшилж магадгүй байгаа” талаар дурдаж байсан юм.
Ийнхүү Монгол Улс Францын төрийн өмчит “Орано майнинг” групптэй хамтран Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо ураны ордын төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, цэвэр эрчим хүчний түүхий эд олборлохоор зэхэж байгаа яг энэ үед ОХУ-ын талаас манай улсад бага оврын атомын цахилгаан станц барих саналыг өнгөрсөн оны аравдугаар сард тавьсан юм.
–ОХУ МАНАЙ УЛСАД БАГА ОВРЫН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХААР МОНГОЛЫН “МОН-АТОМ” КОМПАНИЙН ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСАН-
Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард Эрчим хүчний салбарт Орос улс Монголд бага чадалтай атомын цахилгаан станц барих боломжтой гэж Оросын ерөнхий сайдын орлогч В.Абрамченко Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа хэлсэн талаар тус улсын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлж байв. Улмаар “Росатом” компани Монголд бага чадалтай, газар дээр суурилсан атомын цахилгаан станц (LNP) барихаар Төрийн корпораци болон Монголын “Мон-Атом” компанийн хооронд холбогдох санамж бичигт гарын үсэг зурлаа. Дубайд болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид (COP28) оролцогч талуудын 8 дугаар бага хурлын үеэр уг баримт бичигт гарын үсэг зурсан гэж ОХУ-ын Livejournal сайтад энэ сарын 7-ны өдөр мэдээлжээ.
Иймд Монголын ураны төсөл улс төрийн саадтай тулгарч байж болзошгүй гэх мэдээлэл бий. Тухайлбал, Монгол Францын хооронд хэрэгжүүлэх гэж буй ураны хэлэлцээрийг амжилтгүй болгохын тулд Оросууд манай улсад бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьсан байж болзошгүй байгаа юм.
–ОХУ-ААС МАНАЙ УЛСАД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА ГЭХ ХЭЛЭЛЦЭЭРТЭЙ ДАВХЦАН ФРАНЦ УЛС КАНАДААС УРАН ОЛБОРЛОХ НӨӨЦ БОЛОМЖОО НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА-
Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн Франц улс Монголоос гадна хэдийнээ өөр улсаас уран олборлохоор сонирхож эхэлсэн талаар “Le Monde France” хэвлэлд онцолжээ. Тодруулбал, Канад улс бол дэлхийн ураны зах зээлийн 10 орчим хувийг эзэлдэг ба Францаас илүү өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөтэй улс. Канад улсын Саскачеваны зүрхэнд орших “Cigar Lake” уурхай нь сүүлийн жилүүдэд уранаар дэлхийн хамгийн баян ордуудын нэгд тооцогдоод буй. Түүнийг боловсруулдаг “McClean Lake” тээрэмийг Францын Ораногийн охин компани ажиллуулдаг бөгөөд үйлдвэрлэлийнхээ 40 хувийг Францын үндэстэн дамнасан EDF цахилгаан үйлчилгээний компанид зардаг болжээ.
Францаас том, хүн амаараа 70 дахин бага энэ муж нь ашигт малтмалын баялаг ихтэй. Газрын хэвлийд Кали, лити, зэс, гели, газрын ховор элемент, юуны түрүүнд уран зэрэг эрчим хүчний хэрэглээнд шаардлагатай гэж Канадын тодорхойлсон 30 чухал, стратегийн ашигт малтмалын 23 нь агуулагддаг байна. Канадын ураны нөөц 588,500 тонн буюу дэлхийн мэдэгдэж буй нөөцийн 10 хувьтай тэнцэх тул Франц улс тус улсаас олборлож буй уранаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа талаар “Lemonde france” сайтын нийтлэлд онцлон дурдсан байгаа юм
Франц Улс Нигер болон ОХУ-аас баяжуулаагүй уран авч эх үүсвэрээ хангадаг байсан ч дайны нөхцөл байдлын улмаас Европын орнууд ОХУ-д хориг тавьснаар Франц улс Оросоос авдаг байсан ураны хэрэглээгээ Монголоос нөхөж, их хэмжээний хөрөнгө оруулах төлөвтэй байсан. Гэтэл Орос Улс манай улсад амотын цахилгаан станц барих санамж бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн Франц Улс эх үүсвэрээ хангах өөр орныг хэдийнээ сонирхоод эхэлжээ.