Ч.Хүрэлбаатар: Солонгосын томоохон банкуудыг Монголд оруулж ирж, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангана
Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ энэ сарын 21-ний өдөр эхэлсэн билээ. Хэлэлцээг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Рю Поб Мин нар нээж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, стратегийн түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд энэхүү хэлэлцээр нь чухал ач холбогдолтойг онцоллоо.Түүнчлэн, эхний шатны хэлэлцээний үеэр гарсан үр дүн, ахиц дэвшилд тулгуурлан бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны гол салбаруудыг хамарсан сэдэв, асуудал тус бүрээр 21-23-ны өдрүүдэд хэлэлцээ өрнүүлсэн юм. Тэгвэл уг хэлэлцээрийн ашиг тус, үр дүнгийн талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:-Өргөн асуудал хариуцсан хэлэлцээр байгаа юм. Энэ хэлэлцээр 2023 оны хоёрдугаар сараас хойш гэхээр жил дөрвөн сар болсон байна. Эдийн засаг хөгжлийн яам БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай хэлэлцээр хийхээр хоёр дахь шатаа өнөөдөр дуусгаж байна. Монгол Улс экспортынхоо зах зээлийг тэлэх ёстой. Яагаад гэвэл манай экспортын бүтээгдэхүүнүүд голдуу уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд яах аргагүй гол эдийн засгийн түнш улсуудтайгаа гэрээ, хэлцэл хийх ёстой. Тэгэхгүй бол манай бараанууд татвар өндөртэй, тарифын бус янз бүрийн хязгаарлалттай, эрүүл ахуйн хорио цээрийн стандарт, шаардлагатай, тээврийн асуудалтай байдаг. Энэ бүгдийг зохицуулж байдаг зүйл нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр. Энэ бүгдийг зохицуулах хэлэлцээрийг л хийж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид бараа бүтээгдэхүүний экспортдоо хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ гэж ярихын оронд түүнийг зохицуулж байдаг хууль эрх зүйн орчныг бий болгохын төлөө явж байна. Солонгос улс бол манай экспортын гурав дахь том зах зээл. Импортын бараагаар бол дөрөв дэх том зах зээл. Алтыг хасах юм бол Солонгос манай хоёр дахь том зах зээл байдаг.
Манай улсын экспортын бүтцийг үзэхэд ерөөсөө л уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Дөнгөж найм орчим хувь нь л уул уурхайн бус бүтээгдэхүүн байдаг учир бид хэлэлцээрт ач холбогдол өгч байгаа. Дээр нь Монголын олон залуус гадаад явж ажилладаг. 53 мянган монгол хүн Солонгос улсад ажиллаж байгаа. 1700 оюутан Солонгост сурч байдаг. Тэгэхээр олон монголчууд Солонгост очиж ажиллаж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол тэнд ажиллаж байгаа үйлдвэр нь Монголд ороод ирвэл эх орондоо өндөр цалинтай ажиллаад амьдраад явах боломж нь бүрдэнэ шүү дээ. Тэгвэл энэ чиглэлээр ярилцаж байна. Мөн визний асуудлыг ярьж байна. Монгол хүн бүр Солонгост ажиллах гэж явахгүй шүү дээ. Зарим нь эрүүл мэндийн үйлчилгээ авахаар явна, бизнес эрхлэгчид гэрээ хэлцэл хийхээр явна, урт богино хугацааны сургалтад явна. Энэ бүхэнд визний асуудлыг хөнгөлж байж хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжнө.Тиймээс хэлэлцээрийн нэг хэсгийг визний асуудал дээр анхаараач ээ гэдгийг оруулж байгаа. Мөн банкны салбарыг онцолж байна. Хоёр орны бараа таваар, хөрөнгө оруулалтын урсгалыг зохицуулах зүйл нь банкны салбар. Тэгэхээр Солонгосын томоохон банкуудыг Монголд оруулж ирж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог нь хангаж өгмөөр байна. Төлбөр тооцоо хурдан шуурхай хийгддэг нөхцөлийг оруулж өгмөөр байна. Одоо тулгамдаад байгаа олон асуудлыг л шийдэхийг зорьж, хэлэлцээрийн явцад тавьж байна.Энэ ондоо багтааж эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дуусгах хүсэлтийг тавьж байна. Тэгэхээр энэ жил дуусгах юм бол Монгол талаас ч тэр, Солонгос талаас ч тэр хэлэлцээр хийж байгаа хүмүүст нэлээд шуурхай ажиллах шаардлагатай болж байгаа.-Хэлэлцээр эцэслэн батлагдсан тохиолдолд эдийн засагт ямар хэмжээний нөлөө үзүүлэх вэ?-Монголчууд бид өөр хоорондоо л худалдаа, наймаа хийгээд байвал мөнгөний хэмжээ нэмэгдэхгүй шүү дээ. Энд байгаа бараа бүтээгдэхүүнээ гаргаж зарвал үйлдвэрлэл үйлчилгээ хөгжинө, ажлын байр шинээр бий болно. Тиймээс бидний гол тавьж байгаа зорилго бол экспортынхоо зах зээлийг л нэмье гэдэгт байгаа. Олон бараа бүтээгдэхүүнийг Солонгос руу нийлүүлээд эхэлбэл, татваргүйгээр борлуулагдаад эхэлбэл тэр хэмжээгээр мөнгө Монгол руу орж ирнэ. Тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ, ард иргэдийн орлого нэмэгдэх боломж бүрдэх юм. Иймээс бид аль болох эдийн засгаа томруулахын тулд борлуулдаг зах зээлээ томруулах учиртай. ОХУ руу бид 375 барааг татваргүй гаргах гэрээ хэлцлийг хийсэн. Одоо баталгаажуулах шатандаа явж байна. БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийе гэдэг хүсэлтээ тавьчихсан байгаа. Энэ зэргийг хийж байж Монголын бараа олон орны зах зээл дээр зарагдаж байж Монгол Улс илүү хөгжинө.-Монгол Улсын эдийн засаг 2023 онд долоон хувь, 2024 оны эхний хагаст 7.8 хувьтай байна. Тэгэхээр цаашид энэ өсөлтийг барьж, хангах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?-Эдийн засаг нэг жилдээ 17 хувиар өсөөд, дараа жил нь гурван хувиар унаад байхаар бүх үзүүлэлт дагаад өөрчлөгдөөд байдаг юм. Өөрөөр хэлбэл, нэг өндөр өсөөд унахаар нийгмийн амьдрал хүртэл түүнийг дагадаг. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг Эдийн засаг хөгжлийн яам юу гэж харж байгаа вэ гэхээр 6-7 хувиар тогтмол савлагаа багатайгаар арван жил хөгжүүлье. Ингэхэд ард иргэдийн амьдралд ч тэр, бизнес хийх орчинд ч тэр олон зүйлд тогтвортой байдал үүснэ гэж үзэж байгаа. Тэгвэл яаж 6-7 хувь дээр тогтвортой барих боломжтой байна вэ гэхээр нэгд, экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тиймээс бид Солонгос, Орос, Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийж ашиглая гэдэг зүйлийг яриад байгаа юм. Хоёрт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Ингэж байж эдийн засаг тогтвортой өснө гэлээ.