БОАЖЯ-ны газрын дарга хууль боловсруулах хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогджээ

0

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгаланд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн охин хэмээн хэвлэлүүдэд бичдэг С.Баясгалан нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж. Уг хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гэрээг тэрбээр БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Жавхлантай хамтарч байгуулсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гарын үсэг зурсан аж.

Улмаар хуулийн төсөл эцэслэн боловсруулах ажлын санхүүжилтэд 10 сая төгрөг дээрх аж ахуйн нэгжид олгосон юм байна. Гэвч тухайн ажлыг хийгээгүй байхад бүрэн гүйцэд боловсруулж дууссан хэмээн баримт, материал бүрдүүлж улсын төсвийн 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон аж.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 842 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний дотор дээрх хэрэг багтсан юм. Тус хэлтсийнхэн энэ хугацаанд нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13-ыг хаах санал прокурорт хүргүүлсэн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *