Хуульч Ч.Өнөржаргал: Төрийн албан хаагчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэхийг хуулиар хориглох нь хүний эрхийн ноцтой зөрчил
Төрийн албан хаагч өөрийн үзэл бодлоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд илэрхийлэхийг хориглосон заалт Төрийн албаны тухай хуульд байдаг ажээ. Энэ нь хүний эрхийн зөрчил мөн болох талаар хуульч өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа.
-Төрийн албан хаагчийн тухай хуульд төрийн албан хаагч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байр суурь илэрхийлж болохгүй гэдэг заалт байдаг гэв үү. Энэ талаар дэлгэрүүлж өгнө үү?
-Төрийн албан хаагчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13-д “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно” гэж заасан. Энэ нь төрийн албан хаагч иргэнийхээ хувьд ч аливаа асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх эрхийг хязгаарласан нь Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан зохицуулалт гэж үзэхээр байгаа юм.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хуульчилсан байх бөгөөд хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэх зохицуулалт байх боловч сүүлийн үед Төрийн байгууллага бүр дэргэдээ Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албатай болсноос хойш Төрийн албан хаагчид албаны байр сууриа ч илэрхийлэх орон зай хумигдсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх явцад олон янзын үзэл бодол, зарчмын байр сууриуд гардаг боловч тэдгээр мэргэжлийн байгууллагууд өөрсдийн байр сууриа ч илэрхийлэх боломж нь хязгаарлагдах болсон. Энэ нь нэг талдаа төрийн албыг улам бугшсан, хаалтай, төрийн албанд итгэх иргэдийн итгэлийг бууруулахад хүргэж байхыг үгүйсгэхгүй юм.
Засгийн газар хүний эрхийг хангахтай холбоотой цогц хуулиудын төслийн хүрээнд Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан боловч УИХ хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх гэхээсээ илүүтэй сонгогчдод таалагдах хуулийн төслүүдийг хэлэлцээд байгаа нь ажиглагдаж байна.
-Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн зөрчил болох уу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д онц байдал зарласан үед ч хязгаарлаж үл болох эрхүүдийг хуульчилсан байдаг. Тухайлбал, Хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг хөндөж болохгүй.
Өөрөөр хэлбэл, онц байдал зарласан үед ч хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах эрх хэнд ч байхгүй. Энэхүү үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байдаг.
Гэтэл энэ иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг төрийн алба хаагч байсных нь төлөө Төрийн албаны тухай хуулиар хязгаарлаж болох уу. Бодоод үз л дээ. 2019 оноос хойш Төрийн албаны тухай шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш төрийн алба хаагчид цахим орчинд ихэвчлэн нэр, зурагаа нууцалсан байдалтай байдгыг бид ч андахгүй болсон шүү дээ.
-Ер нь ингэж хуулиар хориглох нь ямар үр дагавартай вэ?
-Төрийн албаны бүх түвшинд байх ёс зүй болон авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй асуудал нуугдмал байдалд шилжихийг үгүйсгэхгүй. Хэдийгээр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд төрийн алба хаагч нийтийн эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нээж өгсөн байх боловч уг хуулийн төсөл батлагдсангүй. Гэхдээ хууль тогтоомжийн системчлэлийнх нь хувьд төрийн алба хаагчийн шүгэл үлээсэнтэй холбоотой зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд оруулж өгөх хэрэгтэй гэж хуульчийн хувьд бодож байна.
2019 оноос Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албан хаагч төрийн бодлоготой холбоотой албан бус байр суурь илэрхийлэх эрх нь хязгаарлагдсаар ирсэн гэсэн үг. Төрийн бодлого гэдэг өргөн агуулга бүхий ойлголт. Гэтэл Төрийн албан хаагч нь иргэнийхээ хувьд аливаа асуудлаар албан бус байр суурь илэрхийлэх эрхийг хязгаарлана гэдэг хүний эрхийн зөрчил.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулах гэж оролдсон уу?
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдах хүртэл Төрийн алба хаагчдын үзэл бодлоо илэрхийлэх хамгаалагдахгүй бөгөөд тухайн хууль батлагдсан ч гэсэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13-д “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;” гэх заалтад “Төрийн бодлоготой асуудлаар албан бус байр суурь илэрхийлэх” гэх агуулгад зохих нэмэлт, өөрчлөлт орохгүй л бол үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдсөөр л байх болно.
Хамгийн бодитой жишээ бол Боловсролын зээлийн сангийн ажилтан байсан иргэн О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар 2021-2022 онд Боловсролын яамны бүхий л албан тушаалтанд хандаж байсан боловч огт шийдвэрлээгүйгээр бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халж байсан байдаг. Шүгэл үлээгч О.Сийлэгмааг Хэвлэлд мэдээллийн хэрэгсэлд хандсаны дараа ажилд буцаан томилох талаар холбогдох удирдлагад нь Энх-Амгалан сайд хэлсэн байдаг. Гэвч бүтцийн өөрчлөлтөөр иргэн О.Сийлэгмааг ажлаас чөлөөлсөн тул Боловсролын зээлийн санд ажиллах боломжгүй болсон байдаг. Тэгэхээр Төрийн албан хаагчдын үзэл бодлоо илэрхийлэх битгий хэл хууль тогтоомжийг сайжруулах тухай саналыг ч төрийн албаны шат шатны удирдлага сонсож чадахааргүй эмзэг болсон гэсэн үг биздээ. Энэ бол асар том гачуудал, ухрал юм.
Тиймээс төрийн албан хаагчдын албаны чиг үүргээс бусад асуудлаар өөрсдийн албан бус байр сууриа илэрхийлэх эрхийг нь нээж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.