Г.Дашням: Бизнес бол тэр чигтээ зориг шүү дээ. Анх намайг скүүтер түрээсийн үйлчилгээ эхлүүлж байхад бүгд эсэргүүцэж байсан
Монголчууд түгжрэлийн асуудлаа шийдэж чадахгүй явсаар олон жил өнгөрлөө. Их хотын стресс, түгжрэлээс ангижрах, хүссэн ажлаа саадгүй биелүүлэх боломжтой нэг зүйлийг өнгөрсөн жил Улаанбаатарт нэвтрүүлсэн нь скүүтер түрээсийн үйлчилгээ. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхлэн Жет скүүтерийн хамт олон скүүтер түрээсийн үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлж, иргэд шинэ үйлчилгээтэй танилцсан. Гэхдээ Улаанбаатарт дугуйн тусгайлсан зам болон энэ төрлийн зохицуулалт төдийлөн хомс. Энэ үйлчилгээг иргэдэд зориулж зориг гарган эхлүүлсэн Жет скүүтерийн захирал Г.Дашнямыг “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 25 дахь дугаарт урьж оролцууллаа.
Түүний хувьд скүүтер түрээсийн бизнесээс гадна Жи-мобайл компанийн удирдах зөвлөлийн гишүүн юм. Жи-мобайл компанийн хамт олон мөн л энэ жил зориг гарган сансрын интернет буюу старлинкийн интернет үйлчилгээг нийт монголчуудад нэвтрүүлээд байгаа юм. Ингээд эдгээр олон сэдвийн талаар ярилцсан түүний ярилцлагыг хүлээн авна уу.
–Ковидын үед дэлгүүрүүдийн лангуу дүүрэн байсан нь хувийн хэвшилийнхний гавьяа гэж би хардаг. Харин таны хувьд бизнесийн салбарын том төлөөлөгч. Тухайлбал та харилцаа холбооны Жи-Мобайл компанийн ТУЗ-ийн дарга. Мөн газрын тосны “Магнай Трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч шүү дээ. Ер нь танай групп компаниуд ковидын хүнд хэцүү цаг үеийг яаж давж гарав. Мөн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ цалинг хоцроосон асуудал гарсан уу?
-Ковидын үеэр үнэхээр хүнд байсан. Тухайн нөхцөл байдал олон жил үргэлжилбэл бид дийлэхээргүй байсан. Бид чинь зорилготой, мөрөөдөлтэй явж байгаа хүмүүс учраас бууж өгч болохгүй. Бүсээ чангалаад ажиллана даа л гэж бодсон. Энэ ч утгаараа ард нь гарч чадсан. Нэг ч ажилтан ажлаас нь халаагүй, нэг ч орон тооны цомхотгол хийгээгүй. Орлогогүй хэрнээ зээлтэй. Түрээс, урсгал зардал ихтэй үнэхээр хүнд байсан юм. Хүмүүс утсаар ярьж, мессеж бичиж, интернет дата хэрэглэж байж л бид орлого олдог ч бүх хүмүүс гэртээ wi-fi ашиглаж байлаа. Тэр проблемээсээ гарах гээд одоо ч хичээж байна. Гэхдээ бид чадна. 17 жил чадсан юм чинь цаашид ч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Манай “Магнай трейд” ч адилхан. Хүн бүр гэртээ суугаад шатахнууны хэрэглээ байхгүй болсон. Жи-мобайл компани 500 гаруй ажилтантай бол “Магнай Трейд” компани зөвхөн Улаанбаатарт 1000 гаруй ажилтантай. Том компани байхын хэрээр зовлон нь их байсан шүү.
–Яалт ч үгүй ковидын үед үндэсний хэмжээний томоохон компаниуд орон тоогоо цомхотголгүй, нэг ч удаа цалин хөлсийг нь хоцроохгүйгээр ковидын хүнд үеийг даваад гарсан. Харин одоо зах зээл буцаж сэргэж байгаа. Ер нь Г.Дашням гэдэг хүнийг олон хүн сонирхож байгаа байх. Таны бага нас хэрхэн өнгөрч, хаана боловсрол эзэмшсэн талаараа манай үзэгчдэд товчхон хэлээд өгөхгүй юу?
-Би 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний төрж өссөн газар бол Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороолол, 23 дугаар байр. 1990 онд аав маань ажлын томилолт аваад бид гэр бүлээрээ Москва руу нүүсэн. Гэхдээ зун болон өвлийн амралтаа байнга л Монголд ирдэг байлаа.
1990-1998 он хүртэл Москвад амьдарч байгаад 2000 он хүртэл Улаанбаатарт хуучнаар Орос 14 дүгээр сургуульд сурсан. Тэгээд Швейцарьт олон улсын дотуур байртай сургуульд суралцаж, арван жилээ төгсөөд их сургуулиа Англи Улсын Лондон хотод 2008 онд бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн юм. Ийнхүү амьдралынхаа 16 жилийг гадаад улсад амьдарч өнгөрүүлээд 2008 онд бүрмөсөн Монголд ажиллаж амьдрахаар ирсэн. Мэдээж эхний жил хэцүү байсан. Юуг нь нуух вэ. Тухайн үед үнэхээр буцмаар санагддаг л байлаа. Миний хамаг найз нөхөд, амьдрал тэнд л байсан шүү дээ. Тэгээд л ажлын гараагаа Жи-Мобайлаас эхлээд одоо 16 жил болчихсон байна.
–Та бизнесийн салбарын хүн учраас нэг асуултыг асуумаар байна. Өөрийг чинь Улаанбаатар хотын иргэд жэт-скүүтерээр сайн мэдэх байх. Улаанбаатар хотын 00-ийн асуудлыг шийднэ гэж их олон жил ярьсан ч өнөөдөр GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүд буюу хувийн хэвшлүүд л шийдэж байна гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр та жэт-скүүтерийг нэвтрүүлэхдээ Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэлцэнэ л гэж бодож оруулж ирсэн үү?
-Би ер нь байнга л энэ талаар боддог байсан. Түгжрэлийн асуудал миний ч гэлтгүй Улаанбаатар хотын бүх иргэдийн толгойны өвчин байсан шүү дээ. Одоо ч байсаар л байна. Миний хувьд илүү энгийн, амьдралд ойрхон ямар шийдэл байгаа талаар л бодсон. Ковид, хөл хорио дуусаад 2022 оны зун найзуудтайгаа Казахстанд амрахаар яваад Алмата хотод битүү скүүтер байгааг харсан. Тэгээд үүнийг л Монгол оруулж ирэх ёстой юм байна гэж бодоод нэлээд судалсны дараа Казахстанд байгаа найзаараа дамжуулж Жэт компанийн эзэнтэй холбогдож бизнес маань эхлэх суурь тавигдсан. Гэхдээ би бизнес орчинд байсан учраас тодорхой хэмжээний туршлагатай, мэдрэмжтэй гэж өөрийгөө боддог. Тийнхүү манай найз танилцуулаад, би шууд л санал тавьсан. “Танай аппликейшн Монголд ажиллах уу, манай төлбөрийн системтэй интеграци хийж чадах уу” гээд асуухад тэд өөрсдөө “чадна” л гэсэн. Тэгээд би 100 хувь хөрөнгө оруулаад Монголд нэвтрүүлсэн юм. Монголд нэвтрүүлэх хугацаа хоёр сар л байсан учраас маш богино хугацаанд бүх зүйлээ амжуулсан. Тэгээд өнгөрсөн жилийн автомашингүй өдрөөр нээлтээ хийсэн дээ.
Анх намайг скүүтер түрээс эхлүүхэд ойр дотны хүмүүс бүгд л эсэргүйцэж байлаа. Учир нь нэгдүгээрт зориулалтын зам байхгүй. Хоёрдугаарт Улаанбаатарчууд үүнд бэлэн биш, чи бүгдийг нь хулгайд алдана, эвдлээд, хорлоод дуусна гэж байсан. Гэхдээ би юу хийж байгаагаа мэдэж байгаа учраас өөртөө итгэсэн.
Өмнө нь зөндөө л бизнесийн салбарт олон янзын зүйл хийж үзсэн хүн шүү дээ. Бизнес гэдэг чинь тэр чигтээ л зориг байхгүй юу. Тэгээд би хэний ч үгэнд оролгүй зөрсөөр байгаад 3000 мянган скүүтер худалдаж аваад бааз байгуулаад тэгээд л эхэлсэн дээ. Өнөөдөр Улаанбаатрчууд скүүтер унаад сурчихлаа шүү дээ. Цагаа хэмнээд, ажлаа амжуулж чадаж байна. Түгжирч гацахгүй байна. Хэдий зориулалтын зам байхгүй ч гэсэн би оруулаад ирсэн. Скүүтер бидэнд хэрэгтэй юу хэрэгтэй.
–Тухайн үед дугуйн зам байхгүй байхад ямар зоригтой юм бэ гэж бодож л байсан. Яалт ч үгүй таны хувьд бизнесийн том зориг гаргасан. Өнгөрсөн жил бүгд алга ташсан шүү дээ. Одоо улс төрийн сэдэв халуун болоод ч тэр үү скүүтер унаж байгаад хүмүүс бэртээд байна гэх мэдээлэл гарч байна. Тэгэхээр иргэдэд скүүтер хэрэглээний дадал хэр сууж байна гэж асуумаар байна?
-Ер нь Улаанбаатарчууд скүүтер гэж юу вэ, хэрхэн соёлтой хэрэглэх ёстой талаар бага багаар ойлгож эхэлж байна. Одоо хамгийн сайн анхаарах ёстой зүйл бол зам болон замын хөдөлгөөнд оролцох дүрэм. Жишээлбэл нэгдүгээр эгнээгээр явах, гарцаар гарах, давхаралдаж явахгүй байх зэрэг зүйлс дээр иргэд өөрсдөө хичээчихвэл дугуйн зам нэн тэргүүний шаардлага биш.
Өнгөрсөн жил бид 3000 скүүтертэй байсан бол энэ жил 6000 скүүтертэй болчихсон. Мөн энэ жил авч ирсэн скүүтерүүдээ амартизатортой, зөөврийн батерейтэй болгосон.
–Ярианыхаа эхэнд хэлсэнчлэн би хувийн хэвшлүүдээрээ бахархдаг, баярладаг. Старлинк гэдэг компанийн интернетийг таны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж буй Жи-Мобайл гэдэг компани оруулж ирж байгаа. Бид үүнд ч баярлаж байна. Их олон саад бэрхшээлийг давж Монголчууд дэлхийн хамгийн сүүлийн үеийн интернетийн технологийг хэрэглэдэг болж байгаа. Гэхдээ шилэн кабелд холбогдсон Улаанбаатарчууд старлинкийн сансрын интернетийг хэрэглэх нь юу л бол доо гэж бодож байсан. Танаас асуух гээд байгаа нэг зүйл нь жет скүүтер шиг яасан том зориг гаргаж байх юм бэ?
-Юуны өмнө Цахим хөгжил, харилцаа холбооны яамныханд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол том ажил байсан. Бид ч старлинк рүү хандаад албан ёсны борлуулагч болсондоо баяртай байгаа. Жи-Мобайл компанид старлинкийг борлуулах давуу тал олон бий. Нэгдүгээрт манай монголд энэ технологи хэрэгтэй. Хоёрдугаарт операторууд сансрын интернэтийн үйлчилгээ хийдэггүй. Монгол Улсын хоёр сая нь хөдөө орон нутгийн хүмүүс. 500 мянган малчинтай. Уул уурхайнхан, аялал жуулчлалынханд ч сансрын интернет хэрэгтэй. Жи-мобайлын ихэнх хэрэглэгчид хөдөө орон нутагт байдаг. Тиймээс старлинкийн интернэт үйлчилгээг малчдынхаа гэрт нь аваачиж чадсандаа бид үнэхээр баяртай байгаа.
–Танайх бол үнэхээр алсыг харсан том технологийг оруулж ирсэн байна. Урилга авч ирсэнд баярлалаа. Илүү их амжилт хүсье.
Эх сурвалж: isee.mn