Ногоон автобусны хэрэгт Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа нарт ойр хүмүүс яллагдагчаар татагджээ

0

Ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаагаа АТГ зарласан.

Яллагдагчаар татагдсан 24 хүн байгаа бөгөөд тэдгээрийн ажил албан тушаалын байдал, төрд томилогдсон улстөрийн хамаарлаар нь ангилан хүргэж байна.


-Нэг: 2 нь хувийн хэвшлийн, 4 нь гадаадын, 18 нь төрд ажиллагсад-

Төрд ажиллагсад: Нийслэлийн нийтийн тээврийн газраас хамгийн олон хүн яллагдагчаар татагджээ

НЗДТГ:

  1. НЗД-ын 1-р орлогч Ж.Сандагсүрэн
  2. НЗДТГ хуулийн ахлах зөвлөх Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
  3. НЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ганболдын Мишээлт

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар:

  1. НХААГ-ын дарга Гомбо-Очирын Энхтайван
  2. НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Шарын Баярсүх
  3. НХААГ-ын мэргэжилтэн Амарбаясгалангийн Нарангэрэл

Нийслэлийн нийтийн тээврийн газар:

  1. ННТГ-ын дарга С.Жавхлантбаатар
  2. ННТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Батмөнхийн Баярмаа
  3. ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Бадам-Одсэрийн Дөлгөөн
  4. ННТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Баатарын Мөнхболд
  5. ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Баттогтохын Алтаншагай
  6. ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн тээврийн Цахилгаан хангамж хариуцсан инженер Дуньдхүүгийн Цогтбадрах

Нийслэлийн тээврийн газар:

  1. Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Однасангийн Хонгорзул
  2. Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Лхагважавын Солонго
  3. Нийтийн тээврийн улсын байцаагч Очирсүрэнгийн Сүхбаатар

Хотын стандарт хяналтын газар:

  1. Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Цэндийн Хадбаатар
  2. Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч Удмаагийн Энхтөр

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ:

  1. ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга Оросоогийн Лувсандагва

Хувийн хэвшил: “Тэнүүн Огоо” ХХК-ийн хоёр захирал

  1. “Тэнүүн Огоо” ХХК гүйцэтгэх захирал Жамсрангийн Эрдэнэбат,
  2. “Тэнүүн Огоо” ХХК Ерөнхий захирал Аюушийн Ганхуяг,

Гадаадын иргэн: БНСУ-ын 2 иргэн батлан даалтад гараад 20 хонож байна

БНСУ-ын иргэд:

  • Ий Жун Соб /Lee Jung Seob/ Эктэ компанийн албан тушаалтан
  • Ким Кеабаум /Kim Keabaum/ Дэү компанийн албан тушаалтан
  • Пак Чол Су Дэү компанийн албан тушаалтан
  • Ки Ёл Ким Дэү компанийн албан тушаалтан

Ий Жун Соб, Ким Кеабаум нарыг прокурорын байгууллагын саналаар /2023.10.16/ батлан даалтад гаргасан бөгөөд хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон байна. Яг 15 хоног цагдан хоригдоод ийнхүү суллагдаж байна.


-Хоёр: Д.Сумъяабазарын гурав, Ж.Сүхбаатарын хоёр, С.Одогтуяагийн хоёр хүн яллагдагчаар татагджээ

Яллагдагчаар татагдагсдын улстөрийн хамаарлыг задлан харуулж байна.

Хотын дарга асан Д.Сумъяабазарын хүмүүс:

Яллагдагчаар татагдасан 24 хүн дотор НЗДТГ-т ажиллаж байсан гурван хүн бий. Тэд гурвуулаа Хотын дарга асан Д.Сумъяабазарын томилсон хүмүүс юм.

Ж.Сандагсүрэн: Д.Сумъяабазарын “туслах” байсан, цэвэр түүний хүн. 2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга, 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан. Д.Сумъяабазарыг Хотын дарга болсоноор зургаан орлогчийнх нь нэг болж татагдан ирж байв. Дөрвөн орлогчоо явуулахад Ерөнхий сайд Ж.Сандагсүрэнг явуулахыг шахсан ч, Д.Сумъяабазар 1-р орлогчоороо аваад үлдэж байсан билээ.

Д.Мөнх-Эрдэнэ: Тэр ерөөс зөвлөхийн одонд төрсөн гэмээр. Су.Батболдыг Хотын дарга байхад анх нэгдүгээр зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь АН-ын Н.Алтанхуягт зөвлөж явжээ. Улмаар Д.Сумъяабазарыг Хотын дарга болоход нэгдүгээр зөвлөхөөр ирж байв. Одоо ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байна.

Г.Мишээлт: УУХҮ-ийн яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Д.Сумъяабазарыг Хотын дарга болох үед дагаж ирсэн. ГИХГ-ын Ууганбаярын хамаатан.

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын хүмүүс:

Г.Энхтайван: УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, Ж.Сүхбаатар нарын туслах, зөвлөхөөр ажиллаж байгаад НХААГ-ын даргаар томилогдсон нэгэн юм. Тэрбээр түгжрэлийн сайд болохоосоо Т.Энхтайваныг НХААГ-ын даргаар томилуулах нөлөөллийг хийсэн гэдэг. Учир нь, тэрбээр төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй байж байгаад томилогдсон.

Үүрэг гүйцэтгэгчээр очуутаа 2021 оны үес хууль бус томилгооны асуудалд холбогдож байв. Ш.Баярсүх, А.Нарангэрэл нарыг хэлтэстээ мэргэжилтнээр томилсон байж болзошгүй гэгдэж байгаа юм.

С.Жавхлантбаатар: Тэрбээр ногоон автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан гол хүнээр нэрлэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн тасгийг олон жил удирдсан, хурандаа. Тэтгэвэртээ сууж байсан түүнийг 2020 онд Замын цагдаагийн газар руу татаж, даргын албанд аваачсан байдаг. Эл томилгоонд сайд асан Ж.Сүхбаатар нөлөөлжээ. 2022 оноос аравдугаар сараас хойш шинэ автобус худалдан авах гэрээ зурагдаж эхэлжээ. С.Жавхлантбаатарын хувьд “шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Удаанжаргалтай нэг айлын хүргэчүүл. Төрсөн дүү С.Эрдэнэбаатар нь АТГ-т ажилладаг гэх мэдээллүүд бий.

М.Энхболд, Т.Бадамжунай:

Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзулыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга байхдаа томилсон гэх мэдээлэл байна. Ч.Сайханбаяр өөрөө М.Энхболд, Т.Бадамжунай нарын гарын хүн гэгддэг. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга болоход тэд нөлөөлж байсан түүхтэй. Тэрбээр хуурамч дипломоор авторлагддаг нэгэн. Өмнө нь Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийг магистрын хуурамч дипломоор төрийн албанд шургалж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болтлоо дэвшиж чадсан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа эсвэл …

Хувийн хэвшлээс хоёрхон хүн хоригдож байгаа нь “Тэнүүн Огоо” ХХК-ийн хоёр захирал. Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг нарын ард хэн байгаа вэ гэдэг нь одоо болтол эргэлзээтэй асуулт. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амгаланбаатар “Буурал” хочит А.Гансүхийг Зам тээврийн сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар нэг ангийн найзууд. Мөн Д.Амгаланбаатар УИХ-ын дарга асан З.Энхболдтой шууд холбоотой зэрэг сэжим хэвлэлд гарч ирсэн.

Бидэнд олдсон мэдээллээр, “Тэнүүн Огоо” ХХК-ийн А.Ганхуягийн 2021 онд хүртсэн “Гавъяат тээвэрчин” цолны хөөцөлдлөгөөг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа хийж өгсөн гэх. Улмаар “Тэнүүн Огоо” ХХК-ийнхан баригдсаны дараа Ерөнхий сайдын амнаас С.Одонтуяад хандсан аргалж чаргалах гэж гүйхгүй байх тухай анхааруулах үг унаж байсан гэж улстөрийн хөшигний ард яригддаг.


-Гурав: Тэднийг Эрүүгийн хуулийн 22-р авлигын гэмт хэргийн зүйл заалтаар яллажээ-

Эдгээр хүмүүсийг АТГ яллагдагчаар татан шалгаж буй. АТГ-ын яллагдагчаар татсан хүмүүс Эрүүгийн хуулийн 22-р бүлэг болох авлигын гэмт хэргээр зүйлчлэгддэг.

Тус бүлэгт:

  • 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
  • 22.3 дугаар зүйл.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
  • 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • 22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
  • 22.6 дугаар зүйл.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах
  • 22.7 дугаар зүйл.Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх
  • 22.8 дугаар зүйл.Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
  • 22.9 дүгээр зүйл.Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэх зүйл заалтууд бий.

Дээр нь нэмээд мөнгө угаах, залилах зэрэг зүйл заалтууд нэмэлтээр оруулж ялладаг.


-Дөрөв: Хамгийн анх саатуулагдсан Б.Түмэнжаргалын нэр сугарч, Ч.Сайханбаяр сүүлд нэмэгдсэн-

Дээрх хүмүүсийг яллагдагчаар татаад байгааг зарласны дараа Хотын дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр нарыг саатуулсан билээ. Улмаар Ц.Батбаярыг суллаж, Ч.Сайханбаярыг үргэлжүүлэн хорьж буй. Тэгэхээр дээрх 24 дээр тэд нэмэгдэж тоологдоод явж буй. Харин ногоон автобусны дуулиан гаруут аравдугаар сарын эхээр “Тэнүүн Огоо” ХХК-ийн хоёр захиралтай хамт НХААГ-ын хоёр хүн саатуулагдсаны нэг нь Б.Түмэнжаргал байв. Гэвч түүний нэр дээрх 24 дотор багтаагүй нь анхаарал татаж байгаа юм. Мөн “Эрдэм транс”-ын Эрдэмбилэгийн нэр ч байхгүй бөгөөд ногоон автобуснаас тусгаарлагдсан байх боломжтой.

  • Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр /Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан/
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал
  • “Эрдэм транс”-ын Эрдэмбилэг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *