Л.Оюун-Эрдэнэ улс төрийн баривчилгаа явуулахгүй байхыг хүссэн ч Ц.Гарамжавыг баривчилсан нь ноцтой “улс төр”-тэй холбоотой бололтой

0

Сонгуулийн улс төр одоо л жинхэнэ халж, бүр улайсч байна. Намуудын нэр дэвшүүлэлтээс хойш намдуухан, ялангуяа МАН нам жим байсан нь худлаа бололтой. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар УИХ-ын гишүүн асан, “Монполимет”-ийн зөвлөх Ц.Гарамжавыг №2024/ ШЗ/441 дугаартай баривчлах шийдвэр гаргаж, өчигдөр суллав.

Шүүх түүнийг баривчилсан талаараа “Сэжигтэн Ц.Гарамжавыг 2024 оны тавдугаар сарын 28-ны 22:45 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “Гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийг прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон орон байр, ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.Гарамжавыг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзэн 2024 оны тавдугаар сарын 28-ны шөнийн 22:45 цагаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн” гэсэн тайлбарыг олон нийтэд өгөөд байна. Уг үйл явдал нийгэмд шуугиан тариад байна. Ц.Гарамжавын тухайд хэн бэ гэдгийг нь нийтээрээ мэддэг гэхэд болно.

Тэрбээр олон нийтийн дунд нэр хүнд сайтай улстөрч, бизнесмен юм. Үүнээс гадна Ц.Гарамжавыг буруутгаж буй асуудал нь заавал баривчилж, цагдан хорих үндэслэлтэй эсэх дээр маргаан үүссэн байна. Цаг хугацааны хувьд ч УИХ-ын сонгуультай давхацсан нь уг явдлыг “улс төрийн баривчилгаа” гэж үзэхэд хүргэжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны тавдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаан дээр “Сонгуулийн энэ цаг хугацаанд хууль шүүхийн байгууллагын зүгээс нэр дэвшигчид болон улс төрийн зорилгоор ашиглах эрсдэл бүхий аливаа үйлдэл гаргах магадлал өндөр” гээд “Ийм үйлдэл гаргахгүй байх талаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахыг ХЗДХ-ийн сайдад даалгав” гэсэн нь Засгийн газрын хуралдааны 20 дугаар тэмдэглэлд үлджээ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм “улс төрийн баривчилгаа” явуулахгүй байх хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад гаргасан байна. Харин энэ хүсэлтээс яг долоо хоногийн дараа улстөрч, бизнесмен Ц.Гарамжавыг баривчлаад сулласан нь ямар нэг томоохон бөгөөд ноцтой “улс төр”-тэй холбоотой байж болзошгүй байгаа юм. Ер нь бол ийм сенсациар халхалж улс төрийн ямар нэг шийдэл гаргадаг технологи бий. Тэр нь сонгуулийн нэр дэвшүүлэлттэй ч холбоотой байж болзошгүй нь. Ингэж харж буй улстөрчид, ажиглагчид олон байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *