О.Батхүү: СЕХ Н.Номтойбаярын эрхэнд халдсан тул шүүхэд хандлаа
Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ноос Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасныг илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргалаа. Энэ талаар хуульч О.Батхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “СЕХ-ноос Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийвэрийг гаргасан. Энэ шийдвэр илт хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах, Н.Номтойбаярыг жагсаалтад эргэн бичүүлэх талаарх шаардлагыг нийслэлийн Захиргааны хэргийн давж залдах шатны шүүхэд хүлээлгэн өгөөд байна.
Энэ маргаан нь өөрөө тусгай журмаар шийдэгдэх маргаан учраас Давж заалдах шатны шүүх 30 хоногийн дотор уг маргааныг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бичгийг СЕХ буруу ойлгож тайлбарласан. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлига албан тушаалын гэмт хэргийг зохицуулсан. Н.Номтойбаярын хувьд Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан зүйчлэлээр буруутгагдсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол хүний идэвхтэй үйл ажиллагаа шаарддаг, шунахайн сэдэлтэй, өөртөө болон бусдад давуу тал олгох шинж чанар агуулсан байх ёстой. Н.Номтойбаярын хувьд 23 дугаар зүйл буюу албан тушаалдаа хайнга хандах. Албан тушаалдаа хайнга хандах гэмт хэрэг бол хүнээс идэвхтэй үйл ажиллагаа заавал гарсан байхыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь доор ажилласан хүмүүс алдаа дутагдал гаргасан учраас даргад нь хариуцлага хүлээлгэж байгаа.
Н.Номтойбаярын хувьд өөрийнх нь доор ажилладаг хүмүүс алдаа гаргасан, тэр алдаа дутагдлыг нь хянаагүй шалгаагүй гэдэг үндэслэлээр шүүхээс ял оноосон.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг идэвхтэй үйл ажиллагаа, шунахайн сэдэл шаарддаг бол Эрүүгийн хуулийн 23 –д заасан албан үүрэгтээ хайнга хандах гэдэг зүйлчлэл бол ийм үйл шаарддаггүй. Хуулин дээр илт ойлгомжтой тайлбарласан зүйлийг СЕХ буруугаар тайлбарлаж, хүний сонгогдох эрхэнд халдаж байна гэж үзэж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна” гэж заасан байгаа. Ард түмэн энэ эрхээ сонгуульд оролцох, сонгогдох замаар эдэлдэг. Өнөөдөр зөвхөн Н.Номтобаярын сонгогдох эрх биш Монгол Улсын иргэдийн сонгох эрх хөндөгдөж байгаа. Тэгэхээр сонгуульд хэн өрсөлдөх, өрсөлдөхгүй, хэнээр Монгол Улс удирдуулах, удирдуулахгүй эсэхээ иргэд өөрсдөө шийдэх эрхтэй. Гэтэл өнөөдөр төрийн байгууллага шийдэж байна. Энэ нь өөрөө Н.Номтойбаярыг сонгомоор байгаа миний эрхэнд халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Шүүх хуулиа барьж шийдэх болов уу гэдэг хүлээлттэй байна. Илт ойлгомжтой маргаан. Сонгуулийн тухай хуульд “Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан зүйлчлэлээр ял авсан бол сонгуульд дэвшүүлэхгүй гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлээр ял авсан байхад энийг хамааруулсан нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэлээ.