Б.Батхуяг: Баян ядуу ялгаагүй бүгд хар тамхи хэрэглэж байна. Ядуу нь хямдханыг, баян нь синтетик төрлийн бодис хэрэглэж байна
Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал Монгол Улсад анх удаа тавдугаар сарын 31-нд болж өнгөрлөө. Энэхүү хуралд тус байгууллагын 20 гаруй гишүүн орны гадна, дотны 50 төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зөрчил нэмэгдэж байна уу?
-Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2017 онд 79 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2023 онд 238 гэмт хэрэг бүртгэгдсэн нь таван жилийн хугацаанд гарсан огцом өсөлт юм. Манай улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 70 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 буюу 42.8 хувиар өссөн байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нь хохирогчийн гомдлоор илэрдэггүй болохоор далд хэлбэртэй байдаг.
-Илрүүлэлт сайжирч байна уу?
-2017 онд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөшгөх тасгийн бие бүрэлдэхүүний тоо нэмэгдсэн. Мөн 2022 онд бүтэц бүрэлдэхүүний тоо нэмэгдсэн нь хэрэг илрүүлэлт нэмэгдэхэд сайнаар нөлөөлсөн. Хил, гааль дээр хүүхдийн тоглоом, өөр төрлийн бараа бүтээгдэхүүн зэргийн дотор хар тамхийг нуун далдалж хилээр оруулж ирэх оролдлого гарч байна. Гэмт этгээдүүд өөрсдийгөө баригдуулахгүйн тулд бусдад дайвар болгож өгөх өндөр эрсдэлтэй байдаг болохоор иргэд хэнээс ч дайвар ачаа авахгүй байхыг хатуу анхааруулж байна.
-Монгол Улсад ургаж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүх, бэлтгэх, хэрэглэхтэй холбоотой гэмт хэргийн эсрэг ургамлын устгалын ажил хэрхэн явагдаж байна вэ. Илүү эрчимтэй ургалтын ажлыг хийхийг тулд ямар дэмжлэг, бодлого шаардлагатай байна?
-Манай улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг 2013 оноос хойш устгах ажлыг зохион байгуулж байна. Гэвч бүрэн устахгүй байгаагаас болж энэ төрлийн гэмт хэргийн гаралтад сөргөөр нөлөөлсөөр байна. Мэргэжлийн ургамал судлаач ажиллах нэн шаардлагатай. Хар тамхитай тэмцэх газраас зэрлэг ургамлыг устггах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Орон нутгаас хотын чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлд тавих хараа хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
-Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг устгахад хэр их зардал гардаг вэ?
-Манай улсад бүртгэгдэж байгаа энэ төрлийн зөрчлийн 70 гаруй хувь Монголд түүсэн, бэлтгэсэн мансууруулах ургамлаас гаралтай. Мансууруулах үйлчилгээтэй ургамал 15000 орчим га газат ургаж байна. Нэг га газрын устгалыг бүрэн зогсооход 400 мянган төгрөг шаардлагатай. Нийт зургаан тэрбум орчим төгрөг гэсэн үг. Гэтэл устгалын ажилд жилд 120 сая төгрөг төсөвлөгддөг. Үүнийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Ингэвэл тархацыг бүрэн устгах төсөв бүрдэнэ. Нэг бүс нутагт таваас доошгүй жил тасралтгүй 100 хувь устгах ажиллагаа явуулчих юм бол гэмт хэргийн 70 орчим хувийг эзэлж буй эх үүсвэрийг үгүй хийнэ.
Б.Батхуяг: Баян ядуу ялгаагүй бүгд хар тамхи хэрэглэж байна.
Ядуу нь хямдханыг, баян нь синтетик төрлийн бодис хэрэглэж байна
Хаяанд шахуу ургаж буй нь дурын хүн хэрэглэх бололцоог бий болгож маш их эрсдэл дагуулж байгаа юм. Хөрсөнд буй үрийг устгахад мэргэжлийн хүмүүсийн оролцоо чухал үүрэгтэй. Түүгээр зогсохгүй сансраас тархацыг тандан судлах ажлыг хийх шаардлагатай. 14 аймагт тархалттай байсан. Гурван аймгийн тархацыг бүрэн устгасан.
-Хар тамхи, хориотой бодис улсын хилээр нэвтрүүлэх оролдлого хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн 30 хувийг гадны улсаас синтетик төрлийн бодис хилээр нэвтрүүлэх оролдлого эзэлж байна. Хүчтэй үйлчилдэг олон төрлийн синтетик бодис оруулж ирж байна. Турк улсад визгүй зорчдог учир хилээр нэвтрүүлэх оролдлогын 75 хувийг Турк улсаас зорчигчид үйлдэж байна.
-Хар тамхи, мансууруулах бодисыг нийгмийн аль бүлгийн хүмүүс хэрэглэж байна?
-Насны байдлаар авч үзвэл 13-25 насныхан 54 хувийг, 35 хүртэлх насныхан 92 хувийг эзэлдэг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт ихэсч байна. Мөн мансуурагч, донтогчдын нас залуужих хандлагатай байна. Нийгэмд, тэр дундаа эцэг эхчүүдэд байдаг буруу ойлголт нь хар тамхи бол мөнгөтэй хүний хийж чадах зүйл гэдэг. Үгүй шүү. Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 58 хувь нь ажилгүй. 62 хувь нь бүрэн дунд боловсролтой. Баян, ядуу ялгаагүй бүгд хэрэглэж байна. Ядуу нь хямдханыг, баян нь синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэж байна.
-Мансууруулах тун авах гэж гэмт хэрэг үйлдэж байна уу?
-Хамгийн аюултай нь мөнгөгүй хүмүүс хэрэглэх тунгаа олох гэж гэмт хэрэг үйлдэж байна. Хулгай, дээрэм хийж байж нэг удаа хэрэглэж тунгаа худалдаж авах мөнгөө олдог. Донтчихсон учраас худалдаж авах мөнгөө олох гэж юуг ч хийх эрсдэлтэй. Биеэ үнэлэх ч тохиолдол байна.
-Цагдаагийн газрын зүгээс хар тамхитай тэмцэхээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг цахим сүлжээгээр сурталчилсан контентыг устгах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Илэрц” арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулга бүхий зөрчилтэй 59 мэдээллийг олж илрүүлэн Харилцаа холбооны зохицуулах хороонд устгуулахаар хүргүүлсэн. Хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулга бүхий кино, клип, дуу, жүжиг, видео бичлэгийг иргэд, олон нийтэд түгээхгүй байх чиглэлээр 16 телевиз, 4 IPTV, 21 мэдээллийн сайтад албан мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч зарим байгууллагад тавьж буй шаардлагын биелэлт хангалтгүй байна.
-Сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэлийн тухай тодруулбал?
-Мансууруулах 13, сэтгэцэд нөлөөт 33 эм буюу нийт 46 төрлийн эм бэлдмэл байна.Тэдгээрийг зөвхөн эмчийн зөвшөөрөлтэй олгоно.
-Өсвөр насны хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад гараа тайруулах харамсалтай хэрэг гарах боллоо. Ийм тохиолдол хэр их байна вэ?
-Хар тамхины хэрэгт холбогдсон 10 хүүхэд тутмын дөрөв нь бусдыг даган дуурайсан байдаг. Мөн эмчилгээнд хэрэглэдэг жортой болон жоргүй олгогддог эмийг зориулалтын бусаар ашиглаж 2022 онд тав хүн хуруу гараа тайруулах мэс ажилбарт орсон. Энгийн жороор олгодог эмийг урвуулан хэрэглэж амь үрэгдсэн тохиолдол 2022 онд найм бүртгэгдсэн. Энэхүү эм нь бүрэн найрагддаггүй учир судсанд бөөгнөрөл үүсч гараа тайруулахаас өөр аргагүй болдог.
-Эцэг эхчүүдийн хараа хяналт сул байна уу. Хар тамхи хэрэглэсэн хүний ерөнхий шинж тэмдэг ямар байдаг вэ?
-Эцэг эхчүүд хар тамхины тухай мэдлэг мэдээлэлгүй байна. Хар тамхи, мансууруулах үйлчилгээтэй өвс хэрэглэсэн хүүхэд бие организм, амьдралын хэв маяг, зан араншингийн ямар өөрчлөлттэй байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Их мөнгөтэй хүн хэрэглэдэг гэдэг өрөөсгөл ойлголтоос салах ёстой. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж буруу үлгэр дуурайллаас хамгаалах нь чухал юм. Хүүхэд нь оройн цагаар гэртээ ирвэл өдрийн цагаар юу хийснийг нь асуухгүй байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 58 хүүхэд хар тамхитай холбоотой хэргээр ял шийтгүүлсэн байна.
-“Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр хар тамхи илрүүлэх төхөөрөмж нэмэлтээр байрлуулсан гэсэн үү?
-“Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Хар тамхи” илрүүлэх “Body scan” төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмж нь хүн хар тамхийг залгисан, өгзөг рүүгээ хийсэн байсан ч олж илрүүлэх юм.
-Дахин асуухад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг хүмүүс өвс болон шар шувууны шивээстэй байх хандлагатай байдаг. Мөн хувцаслалт болон харагдах байдлаараа илт доройтдог. Байгаа бүх зүйлээ зардаг. Тэгж байж мансууруулах зүйлээ худалдаж авдаг.
-Ял шийтгэлээс суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх, эрүүлжүүлэх нь яагаад чухал вэ?
-Нэг зүйлийг онцолж хэлэхэд, хэрвээ хар тамхинаас хараат болчихсон хүн Цагдаагийн байгууллагад өөрөө эхэлж хандсан тохиолдолд ял шийтгэл хүлээхгүй. Мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас ял шийтгэл эдэлж суллагдсан хүмүүсийг мэргэжлийн байгууллагад холбон зуучилж байгаа ч олон улсын стандартын дагуу донтолтын эмчилгээг хийх хэрэгтэй байна. Таваас зургаан удаа хар тамхины хэргээр ял шийтгэл эдэлсэн хүн ч байдаг. Барууны оронд донтолтын эмчилгээ таван жилийн хугацаатай үргэлжилдэг гэдэг. Бид эдгээр хүмүүсээ ниймгэмшүүлэх, тэднийг амьдралын зорилготой болгох хэрэгтэй байна. Хийх зүйлгүй, ажилгүй, амьдралын зорилгогүй хүн дахиад л хар тамхи хэрэглэдэг. Амьдралын нэгдүгээрт хар тамхи бус хүүхэд, гэр бүл, ажил хөдөлмөрийг нь авч ирж тавихад нь тусалж дэмжих хэрэгтэй.
-Олны танил хүмүүс цахим орчинд мансууруулах үйлчилгээтэй өвс барьсан дуу бичлэг хийх нь хүүхэд залуу үед буруу үлгэр дуурайл болж байна уу?
-Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн 50 орчим хувь нь ямар ч мэдлэг ойлголтгүй. Уран бүтээлээрээ олонд танигдаж, хүндлэл хүлээсэн эрхмүүд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх учиртай ч үүргээ умартаж, олон мянган залууст хар тамхи хэрэглэх сэдэл өгч байгаа нь харамсалтай. Шүтэн биширдэг уран бүтээлчид нь хар тамхи хэрэглэснийг харсан хэн нэгэн түүнийг даган дуурайхыг үгүйсгэхгүй. Мөн 1961 онд НҮБ-аас баталсан мансууруулах төрлийн ургамлыг шинжилгээ судалгааны зориулалтаар ашиглаж заалтыг хассаныг утга мушгин мансууруулах төрлийн ургамлын жагсаалтаас хассан байхад Монголд хасахгүй байгаа мэтээр буруу мэдээлэл өгөх тохиолдол гарсан.
-Олны танил ямар хүмүүс цагдаагийн байгууллагатай хамтарч хар тамхины эсрэг хувь нэмрээ оруулж байна вэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг иргэд олон нийтэд таниулах зорилгоор “Цахим нөлөөлөл”-ийн аяныг энэ оны нэг, хоёрдугаар сард зохион байгуулсан. Тус арга хэмжээнд олны танил хүмүүсийг татан оролцуулж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “The Hu” хамтлаг, дуучин А.Хишигдалай, Thunder, бүх насны хүүхдүүдийн үздэг Youtuber Gremix хүртэл хамтарсан. Мөн сэтгүүлч Г.Алтантүрүү гэх мэт олны танил хүмүүс бидэнтэй хамтарч ажиллаж байна. Сагсан бөмбөгийн дээд лигийн олон тамирчин мөн энэхүү ажилд оролцсон. Нэр бүхий хамтлаг тодорхой шалтгаангүйгээр хар тамхины эсрэг, үүнээс сэргийлэх ажилд татгалзахад хамтарч ажиллах хүсэлтээс татгалзсан. Урьдчилан сэргийлэх, таниулах ажил сайн хийгдэх хэрэгтэй. Хор уршгийг нь мэддэг, үүнийг жигшдэг байж хүүхэд залуус үүнд автахгүй. Түүнчлэн эрэлт үгүй болно. Эрэлтгүй болчихвол нийлүүлэлтгүй болно. Ирээдүй хойч үеийнхээ төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна.