Сонгинохайрханчууд АН-ын Шагдаруудыг хүлээж авах уу
АН-ынхан Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийг тодруулахдаа “Гэр бүлийн байдал тогтворгүй байх” гэдэг үндсэн шалгуурыг тавьсан бололтой юм. Өөрсдийгөө “Гарын таван хуруу” хэмээн нэрлэсэн Н.Алтанхуяг, Ц.Уянга, Н.Амаржин, Ж.Отгонбаяр, П.Галиндэв нарын гэр бүлийн байдлыг харвал ийм нийтлэг дүгнэлт хийж болохоор байгаа нь харамсалтай.
Өөрөөр хэлбэл, салж сарнисан, хуучин, шинэ амраг, эхнэр, хүүхдийн асуудлаараа “шар” хэвлэлүүдийн дуранд өртөж явснаас нь үзвэл тэд гарцаагүй “Гарын таван хуруу”-гийн шинэ цагийн Шагдарууд. Тухайлбал, Н.Алтанхуягийн хувьд улс төрд орж ирээд хөлжиж баяжсан эрчүүд орон гэр, эхнэр хүүхдээ шинэчлэн залуужуулдаг муу жишгийг дагаж, хархан багаасаа ханилсан эхнэрээ орхин, хоёрын хоёр хүүхдээ өнчрүүлж байсан түүх саяхных. Энэ тухайгаа тэрбээр нэг их тайлбар хийгээд байдаггүй ч “Н.Алтанхуяг л даварсан” хэмээн өөрийгөө буруутгангуй байдлаар дуугарч байсан удаатай.
“Элийрэгч” Ц.Уянгын хувьд гадаад нөхөртэй гэдгийг олон нийт андахгүй. Тэр бүү хэл, монгол эрчүүдийг доромжлон элдэвлэдэг нэгэн. Улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшлийн хувьд ч зарчимгүй хүн гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Одонтой ээжүүдийг “Хээлтэгчид” хэмээн доромжилдог түүний явдал суудал, салж сарнисан түүхийг сөхвөл “далай” болох биз ээ.
Комедиан Ж.Амаржингийн хувьд бас л эхнэрээсээ салж, хүүхдүүдээ өнчрүүлэгч. Энэ тухайгаа тэрбээр “Хүний амьдралд хэт хошуу дүрдэг хүмүүсийн хэл амнаас айгаад би ганц бие болоод жил болж байгаагаа хэнд ч хэлдэггүй” гэснээр хоёрын хоёр хүүхдийг өнчрүүлээд байгаа нэгэн.
П.Галиндэвийн хувьд мисс эхнэрээ дагуулан зөвийн дүрд тоглож яваа ч бас л эхнэрээсээ салсан түүх түүнийх. Хэдхэн жилийн өмнө Н.Алтанхуягийн гараас хөтлөн улс төрд, АН-д орж ирсэн тэрбээр даргыгаа бүхий л талаар даган дуурайдаг нь ингэж батлагдана.
Ж.Отгонбаярын хувьд ч бусдынхаа жишгээс “суралцаж” яваа нэгэн бололтой юм. Бас л гэр бүлээс гадуур харилцаатай бөгөөд өөр эмэгтэйтэй буудал орж явсан сураг дуулдаж байсан удаатай. Тэр мэдээж олон нийтэд элэг бүтэн амьдралтай харагддаг нэгэн хэдий ч боловсрол, мэдлэг, туршлагаар маруухан нэгэн. Түүний намтар түүхийг харвал “СӨХ-ны дарга” гэх ганцхан тодорхойлолтоос өөр зүйл олдохгүй. АН-ынхан ингэж төрөө байтугай гэрээ, биеэ, сэтгэл зүйгээ засаж амжаагүй, үзэл бодол нь тогтоогүй, үр хүүхдээ өнчрүүлэгсдийг илгээж СХД-ийн сонгогчдод илтэд хүндэтгэлгүй хандав. Угтаа биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө засах зарчмаар улс төрд орж ирмээр байгаа юм. Гэтэл хүний хамгийн үнэ цэнтэй зүйл болох гэр бүл, үр хүүхдээ хайрлан хамгаалж чадаагүй нөхөд төрд иргэдийг төлөөлнө гэж байхгүй л болов уу. Өөрийн үнэ цэн, итгэл үнэмшлээсээ урваж шардаж чаддаг, улс төрд орохын тулд хүйсээ солиход ч бэлэн ийм л хэдэн нөхрийг АН-ынхны зүгээс СХД-т илгээжээ.