“Ямар шалтгаанаар биднийг баривчилснаа хэлээгүй”

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж буй юм. Уг айлчлалыг  “No War” хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр болон Б.Цацрал, н.Жаргалсайхан, н.Золбаяр нар өнөөдөр /2024.06.03/ эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэх гэж очуут цагдаагийнхан саатуулсан юм.

Энэ талаар Б.Цацарлаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас биднийг яг ямар үндэслэлээр баривчилж байгаа талаар огт хэлээгүй. “No War” хөдөлгөөнийхөн Укрианы дайн эхэлснээс хойш 112 дахь удаагаа жагсаал зохион байгуулж байна. Энэ хүрээндээ манай хөдөлгөөнөөс Беларусийн Ерөнхийлөгч, дайны гэмт хэрэгтэн А.Г.Лукашенког Монгол Улсад ирж байгааг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулах талаараа өөрсдийн цахим хаягаараа мэдэгдсэн.

Гэтэл өнөөдөр Укрианы далбааг төв талбай дээр гаргахын завдалгүй бүгд баригдсан. Ингээд 2:30 цагийн турш Сүхбаатар дүүргийн I хэлтэс дээр хууль бусаар баривчлагдан саатуулагдаж байгаад гарч ирлээ.

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко бол Олон улсын эрүүгийн хуулиар дайны гэмт хэрэгтэн гэдэг нь тогтоогдсон. Олон улсын хоригт орчихсон гэмт хэрэгтэн. Монгол Улс Олон улсын Эрүүгийн хуулийн конвенцид нэгдэж орсон учраас  Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенког Монголд ирсэн даруйд нь баривчлах үүрэгтэй. Гэтэл төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хэмээн зарлаж, нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын дор энэ хүнийг дөрвөн хоногийн турш эх орондоо орогнуулж байгаа нь Монгол Улс олон улсын хоригт орох хэмжээний үйлдэл. Энэ бол Монгол Улсын гадаад харилцааны бодлогод байж болохгүй үйлдэл.

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хамсаатан. Дайны гэмт хэрэгтэн гэдэг нь Эрүүгийн хуулиар нотлогдсон учраас түүний айлчлалыг эсэргүүцсэн.

Энэ хүнийг Монгол Улсын газар нутаг дээрээс даруйхан хөөж явуулах ёстой.  Эрүүгийн гэмт хэрэгтнийг эх орондоо байлгаснаар Монголчууд өөрсдөө олон улсын хоригт орох эрсдэл бодитоор бий боллоо.  Ардчилсан Монгол Улс гэгдэж байгаа улсын иргэд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байсных нь төлөө цагдаагийн байгууллагаас барьж, хорьж байна. Яагаад үзэл бодолтой байсных нь төлөө гэж хэлж байна гэхээр бид үзэл бодлоо илэрхийлж эхлээгүй. Зүгээр л бодсоных нь төлөө зэрлэг, балмадаар баривчилдаг улсад бид амьдарч байгаагийн тод илрэл боллоо.

Ямар шалтгаанаар баривчилснаа хэлэхгүйгээр эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байна.

Цагдаагийн байгууллагад очсоноос хойш биднийг нэг, нэг өрөөнд оруулж ямар шалтгаанаар саатуулсан, ямар шаардлага тавьж байгаагаа ч хэлэхгүй залхаан цээрлүүлж байгаад гаргалаа. Бид бүгд биедээ их бага хэмжээгээр бэртэл гэмтэл авсан. Дөрвөн мөчнөөс минь өргөөд цагдаагийн машинд чихэж байгаа бичлэг нь ил тод бий. Миний мөр болон суганы доор хөхрөлт үүссэн. Шүүх шинжилгээний байгууллагаар гэмтлийн зэргээ тогтоолгоно. Иргэд үзэл бодолтой байсныхаа төлөө баривчлагдахаас гадна эрүүл мэндээрээ хохирч, нэр хүндээрээ гутаагдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *