Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Д.Сумъяабазар даргыг орж ирээд юмаа ярих байх гэж бодсон ч ирээгүй

0

“Цавчаа ногоон”-ы асуудал сонсголын хүлээлгээс гараад арав гаруй хоног өнгөрч байна. Улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн хараанд байсан эл сонсголын үеэр дан ганц асуудал дагуулсан ногоон автобус ч биш, үе, үеийн нийтийн тээврийн шууд худалдан авалттай холбоотой ноцтой баримтууд дэлгэгдсэн байдаг. Түр хороо тайлангаа тавихад ганцхан хоногийн хугацаа үлдэв. Тэгвэл ногоон автобусны худалдан авалтын эргэн тойронд сөхөгдсөн асуудлаар Хянан шалгах Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн Түр хороонд орж ажилласан. Энэ удаагийн ногоон автобусны сонсголыг зохион байгуулах Түр хороог та ахаллаа. Түр хорооны даргын хувьд харахад, ногоон автобусны эргэн тойронд сөхөгдөж байсан асуудалтай гэх агуулгуудаа бүрэн дүүрэн хөндөж гаргаж чадав уу?

-Энэ парламентын хийсэн чухал ажлуудын нэг бол УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан явдал. Ингэхдээ нийгэмд анхаарал татаж буй асуудалд УИХ мэргэжлийн хянан шинжээч нарыг томилж, нотлох баримтыг гаргаж ирсний үндсэн дээр иргэд олон нийтэд мэдээлэл өгдөг болсон. Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд хэд хэдэн сонсголыг зохион байгууллаа. Бүх л сонсголын зорилго, үр дүн адил шүү дээ. Ногоон автобусны худалдан авалтад дүн шинжилгээ хийх Түр хороо ажлаа бүрэн дүүрэн хийсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сонсгол зохион байгуулагдсан гурван өдрийн хугацаанд худалдан авах үйл ажиллагаа, нийтийн тээвэртэй холбоотой болон түүний хил, гаалиар орж ирэх үед шаардлага хангаж байгаа эсэх асуудлуудыг нээлттэй гаргаж ирсэн.

-Эл хэрэг дээр гол ам нээх учиртай гэрчүүд оролцоогүй явдал олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулсан. Тэр дундаа Хотын дарга асан Д.Сумъяабазар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг гэх мэт?

-Бид нотлох баримтын хүрээнд давхардсан тоогоор нийт 96 гэрчийг дуудсан. Гэрч нарын ирц 80 гаруй хувьтай байлаа. Таны хэлсэнчлэн Хотын дарга асан Д.Сумъяабазар ирсэнгүй. Мөн тухайн үед тендер зохион байгуулсан Худалдан авах ажиллагааны газрынх нь дарга ирсэнгүй. Энэ мэтчилэн ганц, хоёр хүн ирсэнгүй. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийн хувьд хэрэг нь шүүхийн шатанд яваа учраас оролцох боломжгүй. Бид өмнө нь нүүрсний сонсголын үеэр Б.Ганхуягийг ч мөн адил гэрчээр дуудаж байсан шүү дээ. Шүүхийн байгууллагаас оролцуулах боломжгүй гэх хариуг ирүүлж байсан. Энэ удаа холбогдох бүхий л байгууллагуудад гэрчээр оролцуулах талаас нь санал, хүсэлтээ хүргүүлсэн боловч боломжгүй гэх хариуг ирүүлсэн.

-Хотын дарга эл сонсголын өмнөхөн хэвлэлд яриа өгсөн л дөө. Энэ утгаараа түүнийг сонсголд оролцож, тухайн процесс дээр юу болсон талаар ам нээх болов уу гэдэгт хүлээлт өндөр байсан гэж хэлж болно. Ер нь анх сонсголд оролцоно гэх байдлаар Түр хороонд хариу ирүүлсэн зүйл байдаг уу?

-Тавдугаар сарын 21-нд сонсгол эхлэхээс өмнө хэвлэлд яриа өгсөн байсан. Миний хувьд Д.Сумъяабазар даргыг орж ирээд юмаа ярих байх л гэж бодсон. Ном ёсоор нь хуулийн дагуу гэрчээр дуудах хуудсыг нь хүргүүлсэн. Анх сонсголд ирнэ гэх хариуг өгч байсан. Энэ утгаараа ирэх байх л гэж бодсон. Ж.Сүхбаатар сайдын хувьд ирнэ гэснээрээ ирээд нөхцөл байдалд байр сууриа илэрхийлээд л оролцсон шүү дээ.

-Тендерийн үнэлгээний хороо байгуулах ёстой байсан ч зүгээр л Ажлын хэсэг байгуулчихсан. Нөгөө Ажлын хэсэг нь Сангийн яамны “нээлттэй явуул” гэх дүгнэлт ирэхээс 7 хоногийн өмнө сонгон шалгаруулалтаа эхлүүлчихсэн байх жишээтэй-

-Цаг үеийн хувьд ч сонсгол олон нийтийн анхааралд төдийлөн байж чадсангүй. Гэхдээ сонсголоор ноцтой олон ч асуудал хөндөгдсөн. Тэгвэл асуудлыг эхнээс нь аваад үзье. Ер нь ногоон автобусны худалдан авалт харьцуулалтын аргаар явагдах нь хэр зөв байсан бэ. Шинжээчийн зүгээс нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулж болох байсан гэдэг зүйлийг хэлнэ лээ. Гэтэл хэдхэн компаниас үнийн санал аваад эргээд хамгийн хямд үнэ санал болгосон нь шалгарсан байдлыг харвал тэнд өрсөлдөөн байсан гэж хэлэхэд хэцүү л юм?

-Ногоон автобустай холбоотой асуудлыг гурван бүлэг сэдвийн хүрээнд гаргаж тавьсан. Нэгдүгээрт, зайлшгүй ийм худалдан авалтыг хийх ёстой байсан уу. Хоёрдугаарт, хуулийн дагуу явагдсан эсэх. Гуравдугаарт, нийлүүлсэн автобус нь шаардлага хангаж байгаа эсэх. Шулуухан дүгнэхэд, энэ худалдан авалт хууль бус явагдсан.

Нэгдүгээрт, нээлттэй тендер явагдах боломжтой байсан. Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар хүрэлцэн ирсэн. Нотлох баримтуудаас харахад, Ж.Сүхбаатар Төсвийн тухай хуулийнхаа дагуу эрхээ нийслэлд шилжүүлсэн байгаа юм. Тэгэхээр нийслэлийн Засаг дарга эрх шилжиж орж ирсний дараа тендер зарлах ёстой. Ингэхдээ хамгийн эхлээд Тендерийн үнэлгээний хороо байгуулах ёстой байсан. Гэтэл үнэлгээний хороо биш зүгээр л Ажлын хэсэг байгуулагдаад явчихсан.

Хоёрдугаарт, Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажил нээлттэй явах байтал энэ хуулийн 3.4 гэсэн заалтаар төрийн нууцтай холбогдуулаад нэмээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг энэ хуулиар хэрэгжүүлнэ. Тендерийн хуулийг хэрэглэхгүй гэдэг байдлаар захирамж гаргаад явчихсан. Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 3.4 заалтыг баримтлаад сонгон шалгаруулалтыг хийх захирамж гаргачихсан гэсэн үг. Энэ хууль нь нөгөө Тендерийн хуулиа тойрсон заалт байгаад байгаа юм. Гэтэл сонсголд ирсэн хүмүүс нь “Нийтийн тээврийн асуудал хүнд байгаа. Автобус хүрэлцээгүй, хуучин автобус их болсон. Энэ нь зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц байдалд хүрсэн байгаа тул энэ салбарын асуудал нь үндэсний аюулгүй байдлын асуудал болчхож байгаа юм. Тиймээс хуулийн дагуу энэ нөхцөл байдлыг харгалзаад Тендерийн хуулийг тойрч явсан” гэх агуулгаар тайлбарласан. Өөр нэг асуудал бол сонгон шалгаруулалтыг явуулахдаа Нийслэлийн нийтийн тээврийн газарт оролцох боломжтой ААН-үүдээс мэдээлэл авах тухай мэдэгдээд, хэдхэн компаниас үнийн санал авч явуулсан. Энэ нь өрсөлдөөн явах боломжийг хаасан. Тухайн худалдан авалтад нээлттэй сонгон шалгаруулалт явуулах боломжтой байсныг багахан хүрээнд зохион байгуулсан. Ажлын хэсгийнхээ 80 хувийн оролцоотойгоор 100 хувийн саналаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулсан.

Гуравдугаарт, үндэсний аюулгүй байдалд хамаарах асуудал учраас ТЕГ-аас бичиг авсан гэх зүйлийг ярьдаг. Би өөрөө энэ салбарын хүн. Авто тээврийн салбарт олон жил ажилласны хувьд харахад, салбар уналттай байсан байж болно. Нийтийн тээвэр Улаанбаатар хотод хүнд асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ энэ нь үндэсний аюулгүй байдалд очих хэмжээний асуудал болсон уу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ чинь ердөө л нийтийн тээвэрт зохион байгуулалтын ажлыг хийх, автобусны хангамжийг нэмэгдүүлэх асуудал л байгаа шүү дээ. Худалдан авалтыг нь зүй ёсоор хийж чадвал “эрүүлжих” л асуудал. Олон худалдан авалтаар нийлүүлэгдсэн автобуснууд нь явж л байна шүү дээ.

Гэтэл нийтийн тээврийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэж өргөөд түүний халхавч дор тендергүй сонгон шалгаруулалт хийчихсэн дүр зураг л харагдаж байгаа юм.

Мөн Сангийн яам бүхий л худалдан авалтууд дээр дүгнэлт гаргадаг. Сангийн яам руу бичиг явуулсан юм билээ. Тухайн бичигт хуулийн 3.4 буюу үндэсний аюулгүй байдлын асуудалд хамаарах тул тендергүйгээр сонгон шалгаруулалт явуулъя гэдэг агуулгыг дурдсан.

Сангийн яамнаас 3.4-өөр явуулах нь буруу, нээлттэй сонгон шалгаруулалтаар явуул гэх бичиг өгсөн. Харин Сангийн яамнаас энэ бичиг ирэхээс 7 орчим хоногийн өмнө сонгон шалгаруулалт нь хэдийнэ эхэлчихсэн явж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны бичгийг үл тоогоод ажлаа үргэлжлүүлсэн.

Түүнчлэн өмнө дурдсанчлан тагнуулын байгууллагаас авсан гэх бичигтэй холбоотой асуудал байна. Тухайн бичиг нь 2022 оны сонгон шалгаруулалтаар тагнуулаас өгсөн бичиг байдаг юм. Үүнийг 2023 онд давхар хэрэглээд явчихсан. Хэрэв энэ дээрээ тулж байгаа бол 2023 оны сонгон шалгаруулалт дээр дахиад л бичиг авахаар хандах ёстой байсан. Гэтэл 2022 оны бичгийг авч ирээд бидэнд яриад суугаад байгаа байхгүй юу.

-Хотын дарга асан Д.Сумъяабазар “Тэнүүн-Огоо” ХХК төсөв батлагдахаас өмнө гадаадын үйлдвэрлэгч нартай гэрээ байгуулсан гэх агуулгыг хөндсөн байдаг шүү дээ?

-Ер нь энэ асуудал яригдаад, улсын төсөвт хөрөнгө нь суух цаг үеэс эхлэн Нийслэлийн нийтийн тээврийн газар, хотын захиргаа дээр ерөнхий бэлтгэл нь явчихсан юм уу даа гэдэг дүр зураг харагдаж байгаа юм.

-Хуучин автобус хилээр орж ирж байхад гаалийнхан юу хийж байв гэдэг анхаарал татаж байна. Гаалийн бүрдүүлэлтээ яаж хийсэн хэрэг вэ. Тэр байтугай 5.6 тэрбумын татвар төлөх байсан ч чөлөөлөгдсөн гэх баримт ил болсон?

-Үүнийг маш нарийвчилж асуусан. Гаалийн байгууллага дээр гаалийн татварыг хөнгөлсөн гэх эл асуудал орж ирсэн. Шинэ автобус биш байна гэдгээр гаалийнхнаас ам асуухад “Шинэ гэсэн дүгнэлт буруу байна. Манай гаалийнхан алдаа гаргасан байна” гэж байгаа юм. Хэрэв алдаа гаргасан юм бол үүний цаана хуурамч мэхэлж, 5.3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн асуудал гарч ирж байна гэхэд тэд “Тийм ээ” л гэж хариулсан. Тэгэхээр энэ нь шинэ автобус гэх нэрийн дор гаалийн татвараас зугтсан асуудлыг хөндөхөд хүрч буй юм.

-Эхний 20 автобус нь шаардлагад нийцээгүй байхад ажлын хэсгийнхэн нь гарын үсгээ зураад хүлээгээд авчихсан. Сонсголын үеэр үүнийгээ “Дээрээс хүлээгээд ав, санхүүжилт гацна гэх байдлаар чиглэл өгсөн” гэх юм. Нийтийн тээвэр салбарт парк шинэчлэл хэрэгтэй. Гэтэл тоормос нь хүртэл шаардлага хангахгүй улмаар иргэдийн амь насанд эрсдэл учруулж болох ийм автобусыг хүлээгээд авчихсан хүмүүст хариуцлагын асуудал яаж яригдах юм бэ. Өмнө өмнөх сонсголд хэдэн хүний нэр яригдаад л дуусдаг. Хариуцлага тооцсон зүйл төдийлөн харагдахгүй л байна?

-Бид ямар асуудал гарсныг ерөнхий зураглалаар нь харлаа шүү дээ. Хүлээж авсан Ажлын хэсгийн хүмүүсээс нь нэр цохож хүртэл асуусан. “Шаардлага хангаагүй байсан хэдий ч дээрээс ирсэн чиглэлийн дагуу гарын үсэг зурж, хүлээж авсан” гэдэг зүйлийг хэлж байсан. Энэ нь ил тод болчихлоо. Ер нь миний хувьд олон ч сонсгол дээр орж ажиллалаа. Ард иргэдээс сонсгол бүрийн ард одоо хэн хариуцлага хүлээх вэ, яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг тавьдаг.

Тэгэхээр бид ногоон автобусны сонсголын тайлангаа УИХ-д тавиад Түр хороо татан буугдана. Гэхдээ сонсголоор авагдсан бүхий л нотлох баримтуудаа хуулийн байгууллагад өгнө.

Энэ сонсголд хуулийн байгууллагуудыг урьж оролцуулсан. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад, Хянан шалгалтын тухай хуульдаа нэг агуулгыг дутуу оруулсан юм уу даа гэж харж байгаа. Олон нийтэд мэдээлэл өгөх нь чухал. Ингэж байж нийгэм өөрөө цэвэрших учиртай. Олон нийтэд мэдээллээ өгчихлөө, хуулийн байгууллагад баримтуудаа хүргүүллээ. Эргээд хууль хяналтын байгууллага нь тухайн асуудалд хэн ямар хариуцлага хүлээсэн, хэргийн процесс ямар шатандаа яваа талаар мэдээлэл хийдэг болох хэрэгтэй байх гэж хувьдаа бодож байна. Энэ чиглэлд өөрчлөлт оруулж, хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж хараад байгаа юм.

-Манайхан юм л бол аливаа нэг асуудлыг үндэсний аюулгүй байдалд хамаатуулж байгаад халхавч дор нь тендерээс бултаж, лобби, авлига хээл хахууль авдаг систем рүү орчих гээд байна-

-Сонсголын үеэр таныг ЗТХЯ-ны ТНБД-аар ажиллаж байх үед хийгдсэн 400 автобусны худалдан авалтын асуудал хөндөгдсөн?

-Ногоон автобустай холбоотой асуудал анх гарч ирэх үеэр нийтийн тээврийн асуудал хүнд байгаа талаар яригдсан шүү дээ. Үүнийг дагаад худалдан авах ажиллагаанууд яригдсан. Х.Баттулга сайдаар ажиллаж байх үед 400 автобусны худалдан авалт хийгдсэн гэх зүйл. Үүний дараагаар тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт хэвлэлд мэдээлэл өгсөн. Энэхүү мэдээллээс харахад, миний буюу ТНБД-аар ажиллаж байх үеийн гарын үсэгтэй бичиг баримтууд явж байна лээ. С.Баярцогт маш тодорхой мэдээлэл өгсөн шүү дээ. Хоёр яам хоорондоо ярилцаад, бичгээ солилцоод тухайн худалдан авалт ном ёсоороо болсон гэдэгт. Хамгийн гол асуудал нь Сангийн яамнаас “виз” авах асуудал шүү дээ. Авч чадвал эцсийн зөвшөөрлийг олгоод тендерийг хэрхэн явуулах нь шийдэгдсэн. Ингэхдээ эхлээд богино сонгон шалгаруулалтыг явуулаад түүнийхээ дүнд суурилж дараагийн шалгаруулалтыг явуулсан. Өөрөөр хэлбэл, хоёр шаттай сонгон шалгаруулалт явагдсан гэсэн үг. Энэ болгон дээр Сангийн яам өөрсдийнхөө зөвшөөрсөн “визийг” өгөөд явсан. Манай яамны хувьд зохих хуулийн дагуу Сангийн яамнаас зөвшөөрлөө аваад тендерээ зохион байгуулж 400 автобус нийлүүлэгдсэн.

-Тухайн худалдан авалт дээр ногоон автобусных шиг үндэсний аюулгүй байдалд хамааруулсан зүйл байгаагүй юу?

-Ямар нэгэн хуулийн ард нуугдаж, үндэсний аюулгүй байдал гэх зүйлийг яриагүй.

Ер нь манайд юм л бол үндэсний аюулгүй байдал гэдэг тал руу л орох гээд байна. Тэгээд л нэг асуудал болоод ирэхэд хүний эрүүл мэнд, амь насны асуудал үндэсний аюулгүй байдалд хүрчихлээ гэдгээр дээшээ гаргаж ирж байгаад түүнийхээ халхавч дор тендерээс бултдаг, богино нээлттэй бус тендер явуулдаг, өрсөлдөөний бус журмаар компаниудыг тодруулдаг, лобби, авлига хээл хахууль явдаг систем рүү бид орчих гээд байна.

Ногоон автобусны асуудал тендертэй холбоотой асуудалд анхаарал хандуулахад нэлээн том түлхэц болсон болов уу гэж харж байгаа. Хуулийнхаа дагуу л явна шүү. Хуулиас зөрж, тойрч, элдэв янзын шалтаг шалтгаан тоочоорой, бүү хуулийн байгууллагын ард нуугдаарай гэдэг зүйлийг л гаргаж тавилаа. Ер нь алхам тутамдаа хууль зөрчсөн юм байна гэдгийг энэ сонсголоор ил болгож харуулсан.

-Энэ долоо хоногийн Лхагва гарагт чуулган хаах гэж байна. Та бүхэнд тайлангаа УИХ-д тавих ганцхан хоногийн хугацаа үлдлээ. Гэтэл Түр хорооны ирц бүрдэхгүй байна. Түр хорооны гишүүд тань хаана явна вэ?

-Орон нутгаар ажиллаад байх шиг байна. Сонгууль болох гээд байна шүү дээ. Бэлтгэл ажлаас авхуулаад зав зай муутай л байх шиг байна. Ямартай ч Лхагва гарагийн УИХ-ын чуулганаар Түр хороо тайлангаа тавиад татан буугдах учиртай.

-УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн ачаар бид Хөгжлийн банк, нүүрс, эм, ногоон автобус гээд олон сонсголыг зохион байгууллаа. Дараагийн парламент дээр энэ жишгээ үргэлжлүүлж авч явах, хуулиа улам боловсронгуй болгох чиглэлд хэрхэн ажиллах шаардлагатай гэж харж байна вэ?

-Улам боловсронгуй болох болов уу л гэж харж байна. Нэг талаасаа харахад, шүүх хурал юм шиг харагдах, хэн нэгнийг оруулж ирээд загнах, гүтгэх зүйл рүү л битгий хальтарчихаасай л гэж бодож байна. Миний бие ногоон автобусны сонсголыг хуулийнх нь хүрээнд зохион байгуулья л гэж бодсон. Хуулиас хэтэрхий их хазайгаад гараад ирэхээр хувь хүний асуудал руу орчихож байгаа юм. Хувь хүнийг гэр бүл болон бусад хүрээлэлд нь муу муухай харагдуулах, холбоо сүлжээг нь гаргаж ирэх зэргээр хуулийн хүрээнээсээ хальчихвал нээлттэй сонсгол маань буруу явчих гээд байгаа юм. Тэгэхээр яг хуулийнхаа хүрээнд, худалдан авах ажиллагааны хүрээнд тэр хүн хэн байхаас үл хамааран хуулийн дагуу хийсэн үү гэдгийг л нотлох баримтын хүрээнд ярих нь чухал.

Ярилцсанд баярлалаа

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *