Монгол уламжлалаар хос морь бэлэглэж, хариуд нь хоёр трактор өгөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад зургаадугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийлээ.
Хоёр улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхсон байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод хос морь бэлэглэсэн байна. Харин хариуд нь Беларусийн Ерөнхийлөгч хоёр өөр загварын “Беларусь” тракторыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бэлэглэсэн талаар тус улсын BELTA агентлаг мэдээлжээ.
Ийнхүү Беларусийн төрийн тэргүүний айлчлал албан ёсоор өндөрлөлөө.“Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.