ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНТУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОГЦОЛБОРЫН ҮНДЭСТНИЙ НОМЫН САНД ЗОЧЛОВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны байгуулсан “Үндэстний номын сан”-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Уг номын сан 100 гаруй улсын нэр бүхий буланг үүсгэсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг монгол номын сан хөмрөгтэй танилцаж, манай улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг өгүүлсэн ном бүтээлийн дээжээс хандивлав.
Тэрбээр хоёр орны түүх, соёлын харилцааг бэхжүүлж, түүнийг хойч үедээ таниулан өвлүүлэхэд номын сангийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд үндэсний номын сангууд хамтарсан судалгаа хийх, туршлага солилцох зэргээр хамтарч ажиллах нь зүйтэй гэдгийг онцолж, энэ талаар хоёр улсын холбогдох байгууллагад санал тавьж, түүнийг ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийлэв.
“Үндэстний номын сан” нь Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны санаачилгаар 2016 оноос эхлэн баригдаж, 2020 онд ашиглалтад орсон бөгөөд Ерөнхийлөгчийн ордон, номын сан зэрэг байгууламжаас бүрддэг Ерөнхийлөгчийн цогцолборын нэг хэсэг юм. Нийт 125 мянган м2 талбайтай, нэг дор 5 мянга 500 уншигч үйлчлүүлэх боломжтой, 24 цаг нээлттэй байдаг бөгөөд дэлхийн 134 хэлээр бичигдсэн нийт 4 сая гаруй номын цуглуулгатай, Туркийн хамгийн том номын сан юм.