НЭГ БҮР НЬ 3 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОТОГ
Газрын мафийн авилгажсан сүлжээний талаар амтай бүхэн ярьж цуурдаг, мөнгө угаалт авлигаар босож буй тансаг зэрэглэлийн хаус хорооллуудыг та бидний бүх цийлмэр харж байгаа ч явган ярианаас хэтрэхгүй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай хамгаалалтын бүсэд баригдсан бетонон ширэнгийн асуудлыг шийднэ хэмээн Газрын хулгайн нээлттэй сонсголын тов хүртэл зарласан ч хоосон яриа болоод хаврын чуулган хаалаа. Хотын дарга Х.Нямбаатар ч мөн газрын хулгайн бүлэглэлийг дийлэхгүй юм байна гэдгээ олон нийтэд зарлаад байна.
Энгийн ард иргэд 0,7 га газар ч олдохгүй атал тэд яаж тусгай хамгаалалттай газарт га га-гаар газар авдаг вэ? Барилгын зөвшөөрлөө яаж гаргуулдаг вэ? хуулиас гадуур яаж үл хөдлөхийн гэрчилгээ авдаг вэ?
УИХ-ын гишүүд сайд нар эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж гарын үсгээрээ бүхнийг шийдэж бохир мөнгөө барилгын салбарт оруулан угаасан олон жишээг өнгөрсөн хугацаанд болсон нээлттэй сонсголуудаас харж болно.
Үүний нэг жишээ бол Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын Нүхт, Арцатын задгайд байрлах “Хан төгөл” хэмээх тансаг зэрэглэлийн хотхон.
“Хан төгөл” Нүхтийн амны 19 га талбайг эзэлдэг бөгөөд 51 хаус бизнес зэрэглэлийн 40 айлын орон сууцтай. Нэг хаусны зах зээлийн үнэ л гэхэд 3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. “Хан Төгөл” хаус хорооллыг барьсан “Эй Жи Жи Эс” ХХК нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамааралтай компани бөгөөд түүний байгуулж байсан “Алтайтрест” компани хувьцааг нь эзэмшдэг, төрсөн дүү Сандагийн Балжинням, Сандагийн Баянчулуун нар нь эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн.
Дүү нар нь сонсголд ирдэггүй, ах нь өөрөө шалгуулахад бэлэн гээд хээвнэгхэн суудаг энэ гэр бүл аалзны тор мэт сүлжээгээр бусдын боломжоос хулгайлж байна уу? Ховд аймгаас тасралтгүй 16 жил сонгогдсон С.Бямбацогт сайдын ах дүү, хамаатан садан нь хөлжиж, сонгосон сонгогчид нь улных байсаар байна. Аймагтаа юу хийв, улсынхаа төлөө юу хийв ?