ИРГЭД: Энэ сонгуулиар сайн судалж, нэр цэвэр, өндөр боловсролтой “ажил хийх” залууст саналаа өгнө 

0

Монгол Улс парламентын засаглалтай. Парламентад ард түмнийг төлөөлөн УИХ-ын гишүүд сонгогдон ажиллаж, бидний ирээдүй, улсын хөгжлийг дэнсэлдэг. Харин Монгол Улсын Үндсэн хуульд ард түмэн засгийн эрхийг барина. Энэ эрхээ төлөөллийг байгууллагаар дамжуулж эдэлнэ гэж заасан байдаг. Тэгвэл бид хэдхэн хоногийн дараа эл эрхээ эдэлж төр, засгийн төлөөллөө сонгох гэж байна. Иймд бид сонголтоо хийх гэж буй иргэд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Бид иргэдээс өмнөх дөрвөн жилд аймаг, нийслэл, дүүргийг нь төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүдийн ямар ажил хийж бүтээсэн талаар болон энэ удаагийн сонгуулиа хэрхэн өгөх, ард түмнээ төлөөлж их хуралд гарсан гишүүдийг юу хийхийг хүсэж буй талаар асуусан юм. Бидний хариултад залуу үеийн төлөөлөл өнгөрсөн 2020 оны сонгуулиар ямар ямар хүн нэр дэвшиж, хэн гишүүнээр сонгогдсон талаар төдийлөн мэдэхгүй гэж хариулсан бол ахмадуудын төлөөлөл нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүдээ мэддэг. Тэдний өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг өөрсдийн байр сууринаас дүгнэж, сэтгэгдлээ илэрхийллээ. Харин залуус энэ удаагийн сонгуулиар сонгогдох гишүүдийг иргэдээ аюулгүй, тухтай орчинд амьдруулж, ажиллаж буй оюутан залуусаа бодсон бодлого гаргахыг хүсэж буйгаа хэлж байна. Мөн бидний ярилцсан нийт иргэд өмнө нь ямар нэг хэрэгт оролцож байгаагүй. Нэр цэвэр, өндөр боловсролтой. Улс төрөөс бусад салбарын “ажил хийх” залуусыг сонгохыг зорьж байгаа бөгөөд сонгуулиас өмнө сайн судалж шийдвэрээ гаргана гэдгээ хэлж байлаа.

Төв аймгийн Эрдэнэ сант сумын 83 настай малчин:

-Манай аймгаас өнгөрсөн сонгуулиар аймгийн Засаг дарга байсан Ж.Батжаргал, С.Туваан, Н.Энхболд гэсэн гурван хүн сонгогдож байсан. Эдгээр хүмүүс сонгогдсон ч хийж бүтээсэн зүйл гэвэл хэцүү. Өнөөдөр улсын маань хөгжил нэг иймэрхүү байдалтай байна. Ган гачигч их тохиолоо. Гэхдээ тэднийг сонгосон ард иргэд бидэнд ч буруу бий. Сонгогдсон гишүүд ч хүчээ шавхан ажиллаж мэргэн бодлого, ухаан гаргасангүй. Аль алиндаа л байгаа. УИХ-ын гишүүд, Парламент гэдэг чинь тухайн нийгмийг тухайн улс орныг чиглүүлэх алсын хараатай бодлого гаргаж тусгаар тогтнолоо хамгаалж, эх орныхоо аж үйлдвэрт анхаарч ажиллаж ёстой. Тиймээс ч бүх салбарын хөгжлийг толгойдоо багтаасан лидер хүмүүс байх ёстой шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд иргэд бидэнд сонголгүй сонгууль ирдэг. Дуртай хүнээ сонгож болохгүй. Намаас гаргаж ирсэн хүнийг л сонгох болдог. Харин энэ жилийн 100 гаруй хүн бол салбар салбараас гарч ирсэн янз бүрийн хүмүүс байна лээ. Гэхдээ сурталчилгаа явуулах хугацаан богино учраас нийгэмд танигдаагүй хүмүүс яах бол гэж бодож байна. Хамгийн гол нь нийгэм, улс орноо хөгжүүлэх гол арга нь сонгуульд иргэд маань маш идэвхтэй оролцоод хүнээ сайн судалж сонгох хэрэгтэй байна. Хүнээ сайн судлалгүй буруу хүн сонгочихвол дараа нь мянга яриад хэрэггүй шүү дээ. Одоо бид энэ хүн биш өөрийн амьдрал ирээдүйгээ сонгож байгаа шүү гэдгээ мэддэг болсон гэж найдаж байна.

Баянзүрх дүүргийн иргэн:

-Өнгөрсөн сонгуулиар манай дүүргээс Э.Саранчимэг, Н.Энхбаяр хоёр гарсан байсан. Гишүүд цэцэрлэг сургуулийн асуудлыг нэлээд анхаарч ажилласан. Өмнө нь гурван ээлжээр ордог байсан бол одоо хамаагүй амар болсон. Бас дүүргүүдэд тохижилтын ажил нэлээд хийгдлээ. УИХ-ын гишүүд сайн хууль баталж, түүндээ хяналт тавих ёстой шүү дээ. Гол нь баахан хууль гаргаад л байдаг тэр нь хэрэгжиж байна уу. Үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Баахан хэрэгжихгүй хуулиа болих хэрэгтэй. Олон хууль гарахаар хуулийн цоорхой их гарч байна. Энэ жилийн сонгууль томсгосон тойрогтой тул олон хүн нэр дэвшиж байна. Тэр энэ гэхэд хэцүү байгаа. Гэхдээ судалж байгаад нэр цэвэр, ажил хийчих байх гэсэн хүмүүсийг л сонгоно доо. Иргэдийн хамгийн гол бухимдалтай байгаа асуудал бол бензиний үнэ нэмэгдээгүй байхад татвар, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа явдал. Үүнээс болж иргэдийн амьдрал ядуурал руу шууд орж байна.

Чингилтэй дүүргийн иргэн:

-Өнгөрсөн оны сонгуулиар нэр дэвшиж, сонгогдсон хүмүүсийг тэрийг хийсэн гээд хэлэхэд хэцүү. Барьцтай хэлчих зүйл алга. Ядаж хүүхдэд зориулсан ээлтэй орчин ч байхгүй. Ээж болохоороо л ойлгодог юм байна. Бид ямар харгис, хатуу нийгэмд хүүхдээ амьдруулаад байна вэ. Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдэд ямар ээлгүй, нялх хүүхдэд ямар хатуу нийгэмд бид амьдраад байна аа. Хүүхдүүд зүгээр явж байгаад л үхээд байна шүү дээ. Үүнийг л өөрчилчихгүй эмэгтэй гишүүд байгаад байгаа нь харамсалтай байна. УИХ-ын гишүүд метро, гүүр гээд л маш том том яриад л байдаг хөрсөн дээрээ буусан зүйл байхгүй. Өнөөдөр нэг иргэний асуудал шийдэгдэж байвал тэр чинь үр дүн, ажил биз дээ. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг одоогоор сайн судлаагүй байна. Ямар ч байсан МАН-ыг дэвжихгүй л гэж бодож байгаа. Яагаад гэвэл би өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн энэ намыг нийгмийг нэг өөрчлөх болов уу гэж бараг 10-аад жил харлаа шүү дээ. Өөрчлөгдсөн зүйл байхгүй л байна.

Залуу үеийн төлөөлөл:

-Өнгөрсөн онд ямар хүмүүс нэр дэвшиж сонгогдсоныг мартчихсан байна. Өнгөрсөн дөрвөн жилд ямартай ч манай дүүрэгт 3×3-ийн шийд баригдсан. Бас хэдэн саад барьсан. УИХ-ын гишүүдийг хөдөлмөрийн зах зээлээ жаахан харж ажиллаасай гэж боддог. Залуучуудаа дэмжсэн бодлого гаргадаг ч юм уу. Тухайлбал, ажил хийдэг оюутнууд байдаг ч цагийн ажлын хөлсний тодорхойлолт нь байхгүй байна шүү дээ. Харин одоо гарч ирэх гишүүд тэтгэвэр тэтгэмжээ эхлээд зогсоогоосой гэж хүсэж байна. Тэдний тэтгэврээр үр хүүхдүүд нь хөдөлмөрлөлгүй амьдарч гадаад яваад монголоо муухайгаар боддог болох жишээний. Хэт их халамж залуусын хөдөлмөрт саад болж байна гэж хардаг. Мөн хотоо нэг явган хүний аятайхан замтай, хүүхдүүд аюулгүй зорчих боломжтой болгоосой гэж хүсэж байна. Энэ оны сонгуулиар сайн судалж, мэдлэг боловсролтой залуусыг сонгохыг зорьж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *