Нэг дороос | Г.Сайханбаярын ухуулагч хүний амь нас хохироосон тул нэр дэвшигчээс нь эгүүлэн татлаа

0

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б МАН-ын ухуулагчийн гарт амиа алдсан эсэх тухай мэдээлэл цацагдаад буйг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 21:40 цаг

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын 1-р тойрог нэр дэвшиж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татаж байгааг мэдэгдлээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ, “Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг Монгол Ардын Намын сонгуулийн штаб гаргасан болно. 

Хууль хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн намуудад хандан уриалж байна” хэмээн мэдэгдлээ.

НЭМЭЛТ: 16:00 цаг

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр цаг үеийн мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Цагдаагийн байгууллагаас 2024 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 03:20 минутын орчимд  Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний утсанд “Өвөрхангай аймгийн Сант суманд нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүн нас барлаа” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн Сант суманд очиж, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Уг ажиллагааны хүрээнд Сант сумын АН-ын дарга ажилладаг иргэн Б нь бусдад зодуулсны улмаас нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.  

Хэрэг гарсан шалтгаан урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О, хохирогч иргэн Б-г хүзүүн тус газар нь цохиж, түүний улмаас нас барсан гэх мэдээлэл байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэн О нь согтуурлыг зэргийг итгэмжлэгдсэн багажаар шалгахад 1.28 хувийн согтуурлын зэрэгтэй байсан нь тогтоогдсон. Амь хохирогч Б нь эрүүл байсан нь мөн тогтоогдсон.

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэн О нь тус сумын гуравдугаар багт оршин суудаг хүн байсан. Шалгалтын явцад иргэн О ухуулагчийн үнэмлэх авсан нь тогтоогдсон бөгөөд хэн гэдэг нэр дэвшигчийн ухуулагчаар ажиллахаар бүртгүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шуурхай, шударгаар шалгаж шийднэ гэдгийг энэ дашрамд хэлмээр байна” гэлээ.


НЭМЭЛТ: 15.00 цаг

Б.Энхбаяр: Гэмт хэрэг үйлдсэн П.О-г хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа хэргийн талаар дараах мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр шөнө гарчээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд О-г цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй” гэжээ.


НЭМЭЛТ: 13.00 цаг

АН: МАН-ын ухуулагчаар бүртгэлтэй П.Отгонбаатар Б-ийн хоолойд өшиглөж, амийг нь хохироолоо

Ардчилсан намаас цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд, “Бидний эрхэм ах журмын нөхөр бусдын гарч амиа алдлаа. Төрийн их дарамт, шахалт, тагналт дор сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Ардчилсан намын сонгууль эрхэлсэн журмын нөхөр Б өчигдөр шөнө 22.00 цаг орчим МАН-ын нэр бүхий таван гишүүний уулзалтын үеэр бусдын гарт амь насаа алдлаа. Иргэн Б танд монголын эрх чөлөө ардчиллын төлөө зүрх сэтгэл нь цохилдог 22 мянган гишүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Сант сумын 3-р багийн малчин П овогтой О нь Б-гийн амь намыг санаатайгаар бүрэлгэсэн талаар АН-ын тойрог хариуцсан хуульчид мэдээлэл өгнө” гэлээ.

АН-ын хуульч н.Батхуяг: “Эрх баригчдын үйлдэл хэрээс хэтэрлээ. Нэг намын гишүүн нөгөө намынхаа гишүүний амь насанд хүрсэн харамсалтай үйл явдал боллоо. Өчигдөр орой 19.00 цагаас Сант суманд МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарын уулзалтын үеэр харамсалтай үйл явдал болсон байна. Сант сумын АН-ын байр уулзалт болж буй газарт ойрхон байсан. Намын байранд үйл ажиллагаа явуулж байхад МАН-ын ухуулагчаар СЕХ-нд бүртгэлтэй П.Отгонбаатар ирж агсам тавьсан байна. 10 минутын дараа дахин ирж “Та нар яахаараа МАН-ын уулзалтад ордоггүй юм, яагаад дэмждэггүй юм” гэхчлэн агсам тавьсан байна. Гэнэт амь хохирогч Б гийн хоолойн тус газар нь өшиглөж, төвөнх нь чихэгдэж газар дээрээ амиа алдсан үйлдэл болжээ” хэмээлээ.

АН “Б.Баянмөнх ахынхаа үр хүүхдэд нь эмгэнэл илэрхийлье. 21 аймаг, 9 дүүргээрээ эмгэнэл илэрхийлж, зул өргөе. П.О нь албан ёсоор сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэх авсан хүний ухуулагч мөн эсэх талаар мэдэгдэл хийхийг хүсэж байна” гэлээ.


ЭХЛЭЛ: 12.00 цаг

Өвөрхангайн Сант сумын АН-ын дарга МАН-ын ухуулагчийн гарт амиа алдсан уу

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алдсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Тодруулбал, өчигдөр буюу зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө  “Сант суманд гадны нөлөөтэй хүн нас барлаа” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сант сумын Ардчилсан намын дарга Б нь гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Ардчилсан намаас эл асуудалтай холбогдуулан яаралтай хэвлэлийн хурал зарлааад буй юм. Амь нас хохироогч нь МАН-ын ухуулагч байсан гэх мэдээлэл гараад байгаа аж.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *