Ц.Эрдэнэбат: Би технологийн салбарт унаж, босож олон жил бизнес хийж яваагийн хувьд старт-апуудын жаргал, зовлонг маш сайн мэднэ

0

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ХҮН намаас нэр дэвшигч Цэнддоржийн Эрдэнэбат иргэд, сонгогчдоос ирсэн асуултад хариулж байна.

Нэр дэвшигч Цэнддоржийн Эрдэнэбат сонгогчдоос ирсэн асуултуудаас эхний удаа залуусын илгээсэн асуултуудад хариулсныг хүргэж байна.

Асуулт: Технологийн салбарын танаас старт-ап хийж байгаа залуучуудын тухай асуухгүй байж болохгүй. Та ер нь залуучуудыг хэр дэмждэг вэ. Танай нам залуучуудыг дэмжих чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ?

Хариулт: ХҮН нам бол шинэ нам. Шинэ зүйлийг хүлээж авах чадвар залуучуудад илүү байдаг. Харин улс төрийн идэвх сул байгаа залуучуудыг идэвхжүүлэх, шинэ сонголт хийхэд нь уриалах, ойлгуулах нь бол маш чухал юм. Тиймээс ХҮН нам залуучуудад чиглэсэн онцгой бодлого баримтална.

Би өөрөө технологийн салбарт унаж, босож 15 жил гаруй бизнес хийж яваагийн хувьд старт-ап бизнесийн жаргал, зовлонг маш сайн мэднэ. Залуучууд та бүхэн аль нэг намын ЦҮНХ БАРИГЧ болж баяждаг биш, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө хүссэн салбартаа старт-ап компани байгуулж, баялаг бүтээж, өөрөө ч хөрөнгөжих тэр л боломжийг бий болгохын тулд би улс төрд орж байна. Миний хувьд хувиараа бизнес эрхэлсэн 15 жил амар хялбар байгаагүй. Хоёр ч компани маань дампуурч, гурав дахь нь л 10 жил ашиггүй ажилласны дараа одоо л амжилттай ажиллаж байна. Тиймээс залуус дүү нарыг над шиг хүнд замаар явуулж зүдрээхгүй, бүр дардан болгож амждаггүй юм гэхэд миний  туулснаас арай дөт, илүү тааламжтай зам тавихын төлөө ах нь ажиллах болно оо.

Асуулт: Таны бодлоор улс орныг цахимжуулахад хамгийн чухал зүйл нь юу вэ?

Хариулт: Улс төрийн манлайлал.

Эстони, Солонгос зэрэг улсуудын жишээг залуучууд маань сонсож байсан биз ээ. Энэ улс орнуудад Ерөнхий Сайд, цахимжилт хариуцсан сайдууд нь улс төрийн маш том манлайлал гаргаж байж цахимжилтыг нутагшуулсан байдаг. Жишээ нь, Эстони: Цахим ба эдийн засгийн сайдтай. Украин бол Инновац, Боловсрол, Соёл Шинжлэх ухаан, Технологи хариуцсан шадар сайдтай. Технологийн сайд нь статусын хувьд бусад сайдынхаа дээр байхгүй бол ямар ч гоё санаачилга аль нэг салбарт л хэрэгжихээс хойш тэр салбартаа очоод, тухайн салбарын сайдын эсэргүүцэлтэй тулгарч, хана мөргөж бүтэлгүйтдэг.

Асуулт: Улс төрд ороод Та яг юу хийх вэ? Та бол Монголын улс төрчид шиг их ярьдаг хүн биш. Улстөрчид ярихдаа их сайн хүмүүс байдаг шиг санагддаг?

Хариулт: Улс төрд өнөөдөр юу байна нэг л их сайхан ярьдаг, юу ч хийдэггүй хүмүүс байна. Гэтэл намуудын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харахаар хэрэгжсэн ажил нь тун чамламаар. Бид одоо  бага ярьж, их хийх хэрэгтэй байна. Мэдээж би УИХ-ын гишүүн болбол өөрөө код бичээд, эсвэл систем угсраад суухгүй нь тодорхой. Харин юу хийх вэ гэвэл УИХ-д нэр дэвшсэн Н.Учрал сайд, Ондо-гийн Анар зэрэг технологийн салбарын залуустайгаа “Технологийн салбарыг дэмжих лобби бүлэг” үүсгэх зорилготой. Ингээд одоогийн Парламентаар батлагдсан Технологийн хууль, Мэдээллийн технологийн салбарын багц 5 хууль, тэдгээртэй холбоотой 130 гаруй хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг амьдралд нэвтрүүлэх журам, тогтоолуудыг Засгийн газрын яам, агентлаг, бусад байгууллагуудаар батлуулах, ажил хэрэг болгох тал дээр онцгой анхаарч ажиллана.

Мөн Монгол Улсыг дэлхийн №1 Эстони улсын жишгээр дижитал улс болгож хөгжүүлэх гэж байгаа бол үүнтэй холбоотой маш олон чухал шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраар гаргуулах шаардлагатай байна. Жишээ нь, Эстони улсын дижиталчлалын нэг гол эд эс нь X-Road буюу мэдээлэл солилцооны тархмал бүтэц платформ. Үүнийг Монголд нэвтрүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж, тогтоолуудыг нь гаргах хэрэгтэй. Ерөөсөө л цахижилтын гол үндэс суурь нь энэ X-Road систем юм.

Цаашлаад төрд технологийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд үйлчилгээний төлбөрөө хувь хүмүүсээс биш, төрөөс авах тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Жишээ нь өндөр хөгжилтэй орнуудад авто замын хураамжийг шууд картнаас татаж, хаалт нь нээгдээд явдаг систем байдаг. Замыг төр нь эзэмшдэг боловч тиймэрхүү хаалт, төлбөр тооцооны системийг хувийн хэвшил нь хийдэг.

Иргэний төлсөн төлбөр 100 хувь төр рүү, замын төлбөр руу ордоггүй хоёр хуваагддаг. Систем хийсэн компани тодорхой хувийг авна, зам барьсан компани нь, эсвэл төсвийн хөрөнгөөр барьсан бол төрийн байгууллага нь төлбөрөө авдаг. Манайд бол төрийн данс руу “нисээд” орсон мөнгө тэгээд л төрийн мөнгө болоод дуусдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гол үндэс нь орлого хамтран олох, олсноо зөв хувааж авах тийм л загвар Монгол Улсад хэрэгтэй байна даа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *