СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангаа авч, өрхөө бүтээснээс Сонгинохайрхан дүүрэгт 41-43 насны хоёр хүн угаартжээ
Сонгинохайрхан дүүрэгт хоёр иргэн угаартаж, цагдаагийн байгууллагаас анхан шатны тусламж үзүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 21-ний 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилт …. тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Шалгалтаар 41-43 насны 2 иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Иймд үргэлжилсэн борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд иргэн та галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх
- Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах
- Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх
- Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх
- Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.