БУЛГАН: XIII Далай ламын ерөөл айлдаж байсан Тасганы овоонд Ардын Хатанбаатар Магсаржавыг хүндэтгэн бунхалжээ
Булган аймгийн төвийн өмнө зүгт байдаг 1500 м өндөр Тасганы овоонд шарын шашны тэргүүн ХІІІ далай лам Түвдэнжамц Дайчин вангийн хүрээнд 1905 онд морилон ирж их хамба Дандар аграмбад шавь оржээ. Далай лам Тасганы овоон дээр гарч ерөөл айлдан сан тавьж, тахил сэржим өргөдөг тул Далай ламын буюу Жамган Богдын овоо хэмээн нэрлэх болжээ.
Сайд нарын зөвлөлийн 1966 оны 6 дугаар сарын 29-ний 184 дүгээр тогтоолоор Ардын Хатанбаатар Магсаржавын бунхныг байгуулсан бөгөөд барилгын архитекторчоор н.Өлзийхишиг ажиллаж баатрын дуулга хэлбэртэй цагаан саарал өнгийн чулуун барилгын орой, хормой хэсгийг нь хөх өнгөөр будаж төмөр хаалгатайгаар хийсэн байна.
1970 онд Ардын Хатанбаатар Магсаржавын шарилыг төрсөн нутаг Хутаг-Өндөр сумаас Тамгын толгойн баруун хойд өндөр овоо /Жамган богдын овоо/-н дээр баатар эрийн дуулга хэлбэртэй бунханд хүндэтгэлтэйгээр залсан бөгөөд энэ цагаас Бунхан толгой гэж нэрлэх болсон. Уг ёслолд 160 гаруй хүн хамрагдсан гэдэг.
Бунхан толгойн баруун хойд талд машины зогсоол хийж тохижуулсан бөгөөд бунханд хүрэх шатыг 250 орчим метр урт тавьжээ.