Төв цэнгэлдэх хүрээлэнд 7850, Хүй долоон худагт 11400 автомашины зөвшөөрөл олгожээ
Үндэсний их баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийв.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:
-Үндэсний их баяр наадамтай холбогдуулж, Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7850 автомашины зөвшөөрөл, Хүй долоон худагт 7 төрлийн 11400 автомашины зөвшөөрлийг олгосон.
Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор Гандигийн гудамж, Нийслэлийн хүрээны замд хязгаарлалтын бүс тогтоосон. Энэ хэсэг рүү баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл нэвтэрнэ.
Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их Монголын гудамжаар хязгаарлалт байхгүй, хөдөлгөөнд оролцоно.
Хүй долоон худаг орчимд 11500 тээврийн хэрэгсэл зогсох боломжтой, нэмэлтээр шороон зогсоол дээр 5000 тээврийн хэрэгсэл зогсох боломжтойгоор зохицуулалт хийсэн. Хүй долоон худагт нийтдээ 7 төрлийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгосон.
- А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэхийн Наадам центрийн зогсоол дээр байрших бол Хүй долоон худагт Баяр наадам зохион байгуулах хэсгийн баруун урд хэсэгт байршуулна.
- Д зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэхийн Наадам центрийн зогсоолл дээр байрлана, Хүй долоон худагт Баяр наадам зохион байгуулах хэсгийн тойргийн баруун урд хэсэгт байрлана.
- Ж зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын “Од” группын зогсоол дээр, Хүй долоон худаг дээр баяр наадам зохион байгуулах хэсгийн тойргийн баруун урд хэсэгт байрлах зогсоолд автомашинаа байршуулна.
- Ү зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх орчмын И мартын үйлчилгээний зогсоол дээр зогсоно, Хүй долоон худагт замынхаа зүүн талын хэсэгт байршина.
- М зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Хүй долоон худаг орчимд үйлчилгээний тойргийн замынхаа зүүн баруун талд байршина.
- Г зөвшөөрөл тээврийн хэрэгсэл Үйлчилгээний тойргийн замынхаа зүүн баруун талд хэсэг дээр байршина гэв.