“Шинэлэг тайзан дээр 3D технологиор язгуур, орчин үеийн урлагийг хослуулж нээлтийг хүргэнэ”
Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгох болжээ. Тодруулбал наадмын нээлтийн хөтөлбөрийг маргааш орой 22.00 цагт дахин тоглоно. Энэ талаар холбогдох албаныхан дараах мэдээллийг өглөө.
Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос энэ жилийн наадмыг өмнөх жилүүдээс онцлогтой байлгахыг зорьж байна гэв. Соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах шалгуурт өмнөх жилүүдээс шинэлэг бөгөөд цахим байлгахыг зорьжээ. Өөрөөр хэлбэл нээлт хаалт, соёл урлагийн бүхий л арга хэмжээний тайз дэлгэцийг илүү инновацлаг байлгахыг эрмэлзэж байна гэв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна том лед дэлгэцээр нээлтийг хүмүүс үзэх боломжтой аж.
Нээлтийн арга хэмжээг зөвхөн өглөө нь толилуулах бус мөн өдрийн 22:00 цагт нээлтийн соёл урлагийн үзүүлбэрийг дахин толилуулахаар болжээ. Ингэснээр “Go Mongolia” хэмээх уриан дор жуулчдад хүрэх үзвэр үйлчилгээг хүртээмжтэй болгоно гэв.
Ерөнхий найруулагч: Ц.Батнайрамдал:
-Гурван сарын турш бэлтгэж, шинэлэг бөгөөд инновацлаг шийдлээр язгуур урлаг, үндэснийхээ өв соёлыг шингээсэн орчин үеийн мюзикэл тоглолтуудыг дэвшилтэт технологийг ашиглаж нээлтээ хийх гэж буйдаа уран бүтээлчид бид баяртай байна. Нээлт нь бүрэн автомат, орчин үеийн 3D технологиор үндэсний этно модерн язгуур урлагийг орчин үеийн урлагтай нэгтгэж хүргэх учраас маш үзүүштэй болно.
Энэ бол дараа дараагийн наадмын арга хэмжээ илүү төгөлдөржихийн эхлэл
Ганцхан удаа тоглох нь харамсалтай учир, мөн тасалбар хурдан дууссан их хүлээлттэй байгаа зэрэг шалтгаанаар орой нь дахин нэг удаа тоглох болсонд бид санал нэгдсэн. Уран бүтээлчид дахин тоглоход ямар ч асуудал байхгүй. Харин ч хамгийн сүүлийн үеийн гэрэл гэрэлтүүлэг, дэлхийн хэмжээний баяр наадмын оройн шоуг хийх эхлэлийг тавих гэж буйдаа баяртай байна. Жил жилийн наадмын дараа олон л сэтгэгдэл хөвөрдөг. Тэдгээрийн нэг нь оройн цагаар хийвэл илүү гоё гэдгийг дурдсан байдаг.
Тиймээс энэ бол дараа дараагийн наадмын арга хэмжээ илүү төгөлдөржихийн эхлэл юм шүү. Тасалбар авч амжаагүй үзэгчид, тур компаниуд жуулчдадаа авч чадаагүй бол оройн наадмын нээлтийг бүрэн бүрэлдэхүүнээр нь үзэх боломжтой болж байна.
Ерөнхий продюсер: Г.Маргад-Эрдэнэ:
– Уран бүтээлчид болон төсвийг маш эрт тодорхойлсон тул энэ жил шинэлэг тайзан дээр ард түмнээ баясгах бүрэн боломж олдож байна. Олон улсын жишигт нийцсэн бүрэн автомат тайзан дээр арга хэмжээ маань тоглогдох болно. Тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас Ticket.mn-д борлуулж эхлэх ба суудлаасаа шалтгаалж 99.000₮, 89.000₮, 79.000₮ үнэтэй байна.