БЭЭЖИН ХОТЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГА ВАН ХУНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНХАУ-ын Бээжин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Хун болон тус зөвлөлийн Нийгэм, хууль зүйн хорооны дэд дарга Ли Фүин, Судалгааны газрын дэд дарга Яан Чинбай, Гадаад хэргийн асуудал эрхлэх хорооны дэд дарга Лю Кө нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Бээжин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Хун “Энэ жил БНХАУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Бээжин, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Цаашид дэд бүтэц, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хотуудын харилцаа чухал үүрэгтэй. Бидний хувьд ялангуяа дэд бүтэц, хөдөө аж ахуй, нийгмийн томоохон хөрөнгө оруулалтуудыг дэмжиж, тоон болон дижитал эдийн засгийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна” гэв. Мөн хоёр хот соёлын олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан сайн туршлага бий. Иймд хоёр улсын оюутан залуус, ахмад настнуудад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлснээр харилцан ойлголцлыг бэхжүүлж, эдийн засаг, нийгмийн хүрээний үр ашигтай харилцааг өргөжүүлэхэд онцгой хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Таны саналыг дэмжиж, албан ёсоор хэрэгжүүлэхийг хичээж ажиллах болно. Цаашид нийгэм, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллахаа илэрхийлье. Удахгүй албан ёсны айлчлалаар туршлага солилцож, найрамдалт харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Бээжин хотын нийт иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм.
Уулзалтад Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, Төлөөлөгч Т.Батцогт, Г.Гангамөрөн, Л.Отгонбаатар, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон бусад албаны хүмүүс байлцлаа.