Найм хоног ажиллахаар сансарт хөөрсөн нисэгчид 2025 онд хүртэл сансарт үлдэж болзошгүй
АНУ-ын сансрын хоёр нисэгч найм хоног ажиллана гэж хөөрчээ. Гэвч Барри Уилмор, Сунита Уильямс нарын туршилтын нислэг удаан хугацаагаар үргэлжлэх болсон байна. Тэд энэ 5-нд Олон улсын сансрын станц руу нисжээ.
61 болон 58 настай нисгэгчид хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй байна.
Тэд Boeing Starliner хөлгийг анх удаа жолоодон, цаашид энэ хөлгийг ашиглахад ямар нэг асуудал гарах, эсэхийг олж тогтоох даалгавартай байв. Тэд станцад дөхөж ирэх үед түлхэх хүчний системд шингэн нэвтэрчээ. Иймд хоёр нисгэгч дэлхий рүү өөр хөлгөөр ирэх шаардлага үүссэн байна.
Тэд өмнө нь сансарт ниссэн туршлагатай аж. Одоогоор НАСА ямар төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлээгүй байна. Ирэх есдүгээр сард АНУ-ын дараагийн сансрын нисгэгчид олон улсын станц руу Space X Crew Dragon хөлгөөр очиж, 2025 оны хоёрдугаар сард ирнэ. Барри Уилмор, Сунита Уильямс нарыг энэ багтай нэгтгэх хувилбар байгаа аж. Үүний тулд дөрвөн хүний багтаамжтай хөлгийг эндээс хоёр нисгэгчтэй хөөргөх ёстой. Энэ хувилбарыг хэрэгжүүлбэл ахмад нисгэгчид найман сарыг сансарт өнгөрөөнө.
Мөн энэ нь олон жилийн турш SpaceX-тэй өрсөлдөж буй, Боинг компанид томоохон цохилт болно. Тус компани Starliner хөлгийг сансар руу бараа тээвэрлэхэд ашиглах зорилготой байв. Асуудал гарсан Starliner хөлгийг компьютерын хяналт, удирдлага доор буцаан авчрах болжээ.
НАСА олон улсын сансрын станцад гацсан хоёр нисгэгчдээ зориулан хүнс, хувцас зэргийг SpaceX-ийн пуужингаар илгээжээ. Space X Crew Dragon хөлгийг НАСА 2020 оноос хойш ашиглаж байна.