ЗАВХАН: Нэн ховор халиун бугын сүргийн бүтэц тогтвортой байна

0

Завхан аймагт нэн ховор амьтан болох халиун буга 2023 онд 20 ажиглалтаар 733 бодгаль тэмдэглэгдсэн байна. Хамгийн сүүлд хийсэн ажиглалтаар дайр 275, согоо 458 тэмдэглэгджээ.

Халиун бугын хүйсийн харьцаа 1:2 байгаа нь сүргийн бүтэц тогтвортой байгааг харуулж байна. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газарт замналын судалгааны арга зүйгээр нийт 48 ажиглалтаар 801 бодгалийг бүртгэсэн байна.

Халиун бугын тоо толгойг сүүлийн 9 жилээр авч үзвэл жилд дунджаар 56,5 буюу ойролцоогоор 66 бодгалиар нэмэгдэж байна. Судалгааны дүнгээс харахад сүүлийн 9 жилд 504 бодгалиар өссөн дүнтэй байна.

Халиун буга нь Отгонтэнгэрийн дархан цаазтай газрын Хөх нуур, Даян уул, Рашаан голын урд талын ойтой нутгуудаар тархацтaй. Өвөл, хaврыг нам дор ой бүхий газраар өнгөрөөж, зуны цагт өндөр уул, тагийн хэсгүүдэд гарч байршдаг.

Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын Алдархаан, Идэр сумын хэсгүүдэд халиун бугын гол нөөц тархан байршдаг. Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Хавчиг даваа, Цагаан нуурын эхний нуруудын ойтой газар, Умгарын эх Рашаан голын хойт нуруу, Зүрх уулын орчмын өндөрлөг газраар тархан байршиж байна.

Эдгээр газруудын хооронд жилийн дөрвөн улиралд шилжилт хөдөлгөөн явагдаж байдаг. Мөн хамгаалалттай биш газрууд болох Тээл, Мараат, Цагаан хайрхан нуруудаас гүйдлийн буга, согоо гарч байнгын хөдөлгөөнд байдаг.

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Идэр сумын Сэвжид балбар орчмын уул нуруу, Жаргалант, Цагаан голын эх, Тунын голын салбар уулс хөндий нь халиун бугын гол нөөц газар бөгөөд дээр үеэс үр төл нь өсөж ирсэн нутаг юм.

Харин одоо хүний хүчин зүйл болон байгаль цаг уурын өөрчлөлт ган, зудаас болж, уулсын дагуу шилжилт хөдөлгөөн байнга явагдаж байдаг. Мөн халиун бугын идээшил нутгийг малын бэлчээр шахаж, шилжин хөдлөх гол шалтгаан болж байна гэж Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.

Халиун буга (Cervus canadensis) нь бугын төрлийн хамгийн том биетэй зүйл.

Монгол улсын хэмжээнд устаж байгаа төрөл зүйл юм.

Халиун бугын зөвхөн эр нь эвэртэй бөгөөд нас ахих тутам эвэр нь уртсаж, хүчирхэг болдог.

Халиун буга нь том хөхтөн амьтан тул амьдарч буй орчиндоо ихээхэн нөлөөтэй. Жишээлбэл туурайгаараа газар гишгэлснээр хөрсийг ил гаргаж, ургамлын үр соёолох нөхцөл бүрдүүлдэг.

Мөн халиун буга ойтой газар төдийгүй ил задгай газрын байгаль орчинд чухал үүрэгтэй амьтан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *