Амар байна уу 2023” үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна
Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм.
Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.
Г.Гангамөрөн: Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээнэ
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:
-“Амар байна уу 2023” үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандартад хяналт тавих, хэв журмыг сахиулах зэргээр нийслэлийн харьяа 10 гаруй байгууллага хамтран ажиллаж байна. Эдийн засаг хүнд, валютын ханш өссөн энэ үед үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид маань түрээсийн төлбөр огт төлөлгүйгээр 30 хоногийн турш бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж, худалдаалах нөхцөл бүрдэж байна. Улсын хэмжээнд 920 мянган өрх, нийслэлийн хэмжээнд 418 мянган өрх бий. Эдгээр өрх Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээж, ажлын байрыг хадгалах, эдийн засгаа эрчимжүүлэхэд нэмэр болно.
Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхийг бид зорилоо. Түүнчлэн бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдэлж болох хөнгөлөлт, гарц шийдлүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс хүргэж байна. Үйлдвэрлэл эрхлэгчдээс бид бараа, бүтээгдэхүүнийхээ нөөцийг базаах, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах, үнийг хамгийн доод хэмжээнд барихыг хүссэн хэмээв.
Б.Оюунцэцэг: Түрээсийн төлбөр төлөхгүй тул бүтээгдэхүүнээ хамгийн хямдаар борлуулж байна
Үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчид болон зорьж ирсэн иргэд сэтгэгдлээ хуваалцлаа.
Дархан-Уул аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч Б.Оюунцэцэг:
-Би 2011 оноос зөгийн аж ахуй эрхэлж байна. Сар шинийн баярыг угтсан худалдаа, арга хэмжээнд өмнө нь ч цөөнгүй оролцож байсан. Энэ жилийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгч биднийг дэмжсэн, өргөн дэлгэр арга хэмжээг зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Түрээсийн төлбөр огт төлөхгүй учир бүтээгдэхүүнээ бид хамгийн хямдаар борлуулж байна. Тухайлбал, улсын бүртгэлийн дугаартай, чанарын баталгаатай, цэвэр зөгийн балаа нэг кг-ыг нь 25 мянган төгрөг буюу бөөнийхөөс ч доогуур үнээр худалдаалж байгаа хэмээв.
Худалдан авагч Т.Болд:
-Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдааг зорьж ирлээ. Би өөрөө эмч хүн. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо цэвэр, байгалийн гаралтай байхыг чухалчилж худалдан авдаг. Монголынхоо үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр, өргөн сонголттойгоор хүргэж байгаа нь маш их таалагдаж байна гэлээ.
“Орон нутгийн үйлдвэрлэгчид нийслэлийнхэндээ бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах боломж олдлоо”
Баянхонгор аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч М.Дэлгэрмаа:
-Бид Баянхонгор аймгаас ирж оролцож байна. Шарж утсан мах, царцаамаг, салат, кимчи зэрэг бүтээгдэхүүнийг тав дахь жилдээ үйлдвэрлэж байна. Үхэр, адуу, хонь, ямааны шарж утаж ороосон мах, царцаамаг, чанаж утсан гүзээ зэрэг бүтээгдэхүүнээ нөөцөлж ирсэн. Тав хоногийн хугацаанд 150 кг мах, 200 кг царцаамаг борлууллаа. Тун удахгүй дахиад мах, царцаамаг авчирна. Хүмүүс ч их ирж байна, худалдаа ч сайн байна.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн хувьд нийслэлийнхэндээ бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах боломж олгож байгаад маш их талархаж байна. Бид зөвхөн нутагтаа л бараа борлуулаад байхгүй, өөр аймаг, хот руу бас нийлүүлэх боломжтойг олж харлаа гэв.
М.Даваажаргал: Тухтай, дулаахан, сайхан төвд түрээсийн төлбөргүй бүтээгдэхүүнээ борлуулж байна
Архангай аймгийн Чулуут сумын жижиг, дунд бизнес эрхлэгч М.Даваажаргал:
-Сар шинийн баярыг угтсан угтсан үзэсгэлэн, арга хэмжээнд зургаа дахь жилдээ оролцож, 16 төрлийн ааруул борлуулж байна. Өмнөх жилүүдийн хувьд хүйтэнд гадаа зогсох, түрээсийн төлбөр төлөх гээд асуудлууд гарч байлаа. Энэ жил илүү тухтай, дулаахан, сайхан төвд түрээсийн төлбөргүй бүтээгдэхүүнээ борлуулж буйд сэтгэл хангалуун байна. Мөн бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулаад олон төрлийн мэдээлэл өгч байна. Бид 2.6 тонн нөөц бүтээгдэхүүнтэй ирсэн, үнээ орц нормоос нь хамааруулан 18-27 мянган төгрөгийн хооронд тогтоолоо. Чанартай, эрүүл, амттай бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдан авахыг иргэддээ уриалж байна хэмээлээ.
С.Бямбасүрэн: Хамгийн хямдаар бараагаа зарж байна
Чингэлтэй дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгч С.Бямбасүрэн:
-Манайх таван ажилчинтай, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй. Үндэсний хувцас оёж борлуулдаг. Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд тав дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд бид 300 мянган төгрөгийн үнэтэй тэрлэгийг 210 мянган төгрөг болгох зэргээр хамгийн хямдаар бараагаа зарж байна.
Ер нь эндээс бүх хэрэгцээгээ нэг дороос хангах, хамгийн хямд бараа бүтээгдэхүүн авах боломжтой. Би өөрөө ч хэрэгцээний зүйлсээ авлаа хэмээсэн юм.
Б.Баттуяа: 180 мянган төгрөгийн үнэтэй цамцыг 110 мянга болгож хямдрууллаа
Чингэлтэй дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгч Б.Баттуяа:
-Хүүхдийн хувцасны “Хүслэн” брэнд маань хоёр жилийн өмнөөс бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Энэ хугацаанд хүмүүст танигдаад худалдан авагч, захиалагчтай болж амжжээ. Эгч маань ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олохоор брэндээ үндэслээд, охиныхоо нэрээр нэрлэсэн. Бид нимгэн тэрлэг, хантааз, монгол цамц зэрэг бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалж байна. Тухайлбал, 180 мянган төгрөгийн үнэтэй цамцыг 110 мянга болгож хямдрууллаа.
Үзэсгэлэнгийн бусад оролцогчийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж байна. Хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ нутаг нутгийн онцлогтой, амт нь ч өөр өөр байдаг юм байна хэмээлээ.
Н.Энхчимэг: Бүтээгдэхүүнүүдээ 70 хүртэлх хувиар хямдруулсан
“БАСУ” брэндийн үүсгэн байгуулагч Н.Энхчимэг:
-“БАСУ” брэнд нь эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, орлогыг нь нэмэгдүүлэхийг дэмжих зорилготой, нийгэмд чиглэсэн бизнес буюу сошиал энтерпрайз юм. Бид спорт хувцасны үйлдвэрлэлээр дагнан үйлчлүүлэгч, захиалагч нарынхаа хүссэн өнгө, загвараар чанартай бүтээгдэхүүн гаргахыг эрхэмлэн ажилладаг.
“Амар байна уу 2023” үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, хүргэх зорилгоор оролцож байна. Нийгэмд ээлтэй бизнес эрхлэх, бие биеэ дэмжих, мөн эдийн засгаа эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг, үлгэрлэхийг зорьж бүтээгдэхүүнүүдээ 70 хүртэлх хувиар хямдруулж байна. Тухайлбал, хүүхдийн бэлтгэлийн өмдийг бид 15 мянга, хослолыг 110 мянга, цамцыг 40 мянган төгрөг болголоо.
Энэ жилийн үзэсгэлэн олон талаараа оролцогч, зочдынхоо тав тухыг хангасан, өргөн дэлгэр арга хэмжээ болж байна. Дулаан, тухтай, зай талбай хүрэлцээтэй, агааржуулалт ч сайн. Олон хүн ирсэн ч зогсоол хүрэлцээтэй. Зохион байгуулалт ч маш сайн, олон төрлийн мэдээлэл авч болохоор байгаа нь бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж байна гэсэн юм.
Ташрамд, үзэсгэлэн худалдаа үргэлжлэх хугацаанд “Дүнжингарав” худалдааны төв рүү очих таван чиглэлийн 60 автобусны зогсоолыг “Шинэ 100 айл” төв хүртэл сунгах зохицуулалтыг хийсэн байна. Мөн үзэсгэлэнд тавьсан бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг Shoppy.mn, Ardshop.mn-тэй хамтран нэвтрүүлжээ.