Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар энэ сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Хүндэт зочноор оролцоно.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.
Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм гэж ЕТГ-аас мэдээллээ.