ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ФОРУМ “ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ” ГАРГАВ

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа Монгол Улсад зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд хоёр өдөр чууллаа.

Дэлхийн олон орны төр, засгийн тэргүүд, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллага, бизнес, спорт, урлагийн салбарын эмэгтэйчүүд, дэлхий дахинд шударга, амар амгалан, тэгш нийгмийг бүтээх үйлсийн тулгуур багана эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох, хүйсийн тэгш харилцааг тогтоох үзэл санааг дэмжиж, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй мянга мянган монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон “Ногоон ирээдүйн зүг” сэдэвт дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт  өндөрлөлөө. Тус чуулганы талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ:

“Монгол Улс НҮБ-д элссэн цагаасаа эхлэн хүйсийн тэгш харьцааг тэнцвэртэй хадгалах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлаарх олон улсын санал, санаачилгыг тууштай дэмжиж ирсэн. Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах тухай тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилт, Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн бага хурлын тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг тууштай дэмжиж, хэрэгжилт, ахиц дэвшлийн талаарх яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулдаг.

Манай улс Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалтыг 2022 онд, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж дэлхийн жендэрийн тэгш байдлын төлөөх хөдөлгөөнд хувь нэмрээ оруулсан. Дэлхийн эмэгтэйчүүдийн Чуулга уулзалт эдгээр арга хэмжээний үргэлжлэл юм. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцсанаараа онцлог байлаа.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталдаг, аливаа улс орны түүх соёл, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналыг хүндэтгэсэн олон ургалч үзлийг дэмждэг улсын хувьд эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш харьцааг хадгалах асуудлаар олон улсын бусад арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн зохион байгуулах болно” гэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед:

“Энэхүү туйлын чухал форумыг зохион байгуулахад манлайлан оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, Монголын ард түмэнд маш их баярлалаа. Таван жилийн өмнө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүд Нью-Йорк хотноо “Бээжин+25” уулзалтад оролцохоор бэлтгэж байтал дэлхий даяар урьд өмнө тохиож байгаагүй сорилттой тулгарсан. Улам бүр ээдрээтэй болж байгаа өнөөгийн нөхцөлд бид энх тайван, аюулгүй байдалд илүү анхаарч, илүү үр дүнтэй, найдвартай олон талт тогтолцоог бий болгох талаар дахин хэлэлцэх ёстой.

Ирэх жил болох Бээжин +30 чуулганаас өмнө Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа Дэлхийн Эмэгтэйчүүдийн форум нь үнэхээр цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо. Мөн дөрвөн долоо хоногийн дараа дэлхийн удирдагчид НҮБ-ын түвшинд Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтаар хуран чуулах гэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхгүйгээр илүү сайн ирээдүйд хүрэх дөт зам байхгүй гэдгийг хэлэлцэх мөч юм. Тогтвортой хөгжлийн зорилго нь бидний ахиц дэвшлийн төлөвлөгөө бөгөөд энэ төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тууштай, цуцашгүй байж, хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй юм” гэлээ.

Түүнчлэн “Байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, эдийн засгийн боломжийг бий болгох ногоон, цэнхэр эдийн засагт хөрөнгө оруулах учиртай. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах, тогтвортой өсөлтийг дэмжихэд тэсвэртэй дэд бүтэц маш чухал. Эдгээр шилжилтүүд нь бүгдэд, ялангуяа манай эмэгтэйчүүд, охидод тэгш боломж олгох, шударга, тэгш байх ёстой” гэдгийг онцлов.

 Чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй байдал, хүйсийн тэгш бус харьцаа зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг даван туулахад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа, хүнсний тогтолцоо, жендэрийн тэгш эдийн засаг, дижитал эдийн засаг, боловсрол, спорт, урлаг, соёл зэрэг сэдвээр салбар 6 хуралдаан зохион байгуулж, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” гаргасан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *