Д.Амарбаясгалаан! Хямд гурил идэх эрхтэй ард түмэнд чинь төрийн бодлого хэрэгжихгүй байна
Засгийн газар энэ оны тавдугаар сарын 1-нээс импортын гурилын гаалийн татварыг тэглэсэн. Ингэснээр бүх боомтоор гурил, тэжээл татваргүйгээр оруулж ирэх боломж бүрдсэн юм. Үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн ч дотооддоо үйлдвэрлэж буй гурилын үнэ буурсангүй.
Гадаадаас гурилыг татваргүйгээр оруулж ирэх тухай асуудлыг хэлэлцэх үед одоогийн УИХ-ын дарга, тухайн үед ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гурилыг импортын татвараас чөлөөлчихвөл нийлүүлэлт нэмэгдэн, дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болж, гурилын үнэ бууна. Ард түмэн хямдхан гурил идэх эрхтэй” хэмээн ярьж байв. Тэгвэл бодит амьдрал дээр гурилын үнэ ямар байгааг бид сурвалжиллаа.
Үйлдвэрүүд үнээ буулгахгүй гэсэн. Бид мэдэхгүй
Улаанбаатар хотын томоохон захуудын нэг “Барс” худалдааны төвд очлоо. Ихэнх нь “Бид лангуу түрээсэлдэг хүмүүс. Гурилын үнийн талаар мэдэхгүй. Гурилын үйлдвэрүүд үнээ буулгахгүй гэсэн” гэдэг хариулт өглөө.
Дотооддоо улаанбуудайгүй болчхоод, гурил ховордоод байна
“Алтан тариа” ХХК-ийн борлуулагч Б.Эрдэнэтуяа:
-Импортын гурил татваргүй оруулж ирснээр гурилын үнэ буурсан. Орос гурил кг нь 1800 төгрөг, 25 кг нь 48000 төгрөгөөр худалдаж байна. “Алтан тариа”, “Өег” үнээ буулгасан шүү дээ. Ойролцоогоор 6000 төгрөгөөр хямдарсан. 25 кг-ийн орос нэгдүгээр гурилыг 40.000 төгрөгөөр зарж байгаа бол “Алтан тариа”-н нэгдүгээр гурил 44.000-45.000, “Өег” 45.000-46.000 төгрөгийн хооронд худалдаж байгаа. Харин ганц” Улаанбаатар гурил” л үнээ буулгаагүй. “Улаанбаатар гурил”-ын 25 кг-ийн ууттай гурил 53.000 төгрөгөөр зарагдаж байна. Иргэд ихэвчлэн орос гурил авч байна. Гэхдээ “Алтан тариа” , “Өег” үнээ буулгасан болохоор бас худалдан авч байгаа. Ерөнхийдөө импортын гурил дотоодын гурилын үнэд нөлөөлж байгаа. Ургац хураах цаг эхэллээ. Удахгүй гайгүй буурчих байх. Дотооддоо улаанбуудайгүй болчхоод, гурил ховордоод байна. “Алтан тариа”-д гэхэд дээд гурилын нөөц байхгүй.
Орос гурил үнэ хямд ч гэлээ чанар муу байгаа учир хүмүүс дахиж авахгүй байна
“Алтан тариа” болон “Өег” компаниуд гурилын үнээ буулгасан гэсэн учраас хажуу талд нь байрлах “Улаанбаатар гурил” компанийн лангуун дээр очлоо. Худалдагч нь “Орос гурил хямд ч гэлээ чанар муу учраас хүмүүс авахгүй байна. Цайны газар, хоолны үйлчилгээ эрхэлж буй хүмүүст үнэ хямд учраас санал болгодог. Эхний удаа авдаг ч дахин авахаар ирдэггүй. Үнэ хямд ч гэлээ чанар муу байгаа юм болов уу гэж бодож байна.” Улаанбаатар гурил”-ын гурилыг үйлдвэрийн үнээр нь зарж байгаа. Дээд гурил кг нь 2550 төгрөгийн үнэтэй байгаа” гэв.
Хүний хөл бужигнадаг “Барс” худалдааны төвд ийм дүр зурагтай байгаа бол найман нэрийн хүнсний дэлгүүрт гурилын үнэ ямар байгааг тодруулав.
Гэр хорооллын найман нэрийн дэлгүүрээр орвол шуудай гурил цөөн харагдана. “Иргэд голдуу кг-аар худалдан авдаг. Гурил ховордоод байна” хэмээн худалдагч тайлбарлав. Импортоор гурил татваргүй оруулж ирснээр өрсөлдөөн бий болж, дотоодын гурилын үнэ буурах байтугай эсрэгээрээ болжээ. Гэр хорооллын энэ дэлгүүрт нэгдүгээр гурил кг нь 3250, хоёрдугаар гурил 2550, 5 кг-аар савласан нь 16.000 төгрөгийн үнэтэй байлаа.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар импортоор гурилыг татваргүй оруулж ирэх шийдвэр гаргаснаас нэг сарын дараа буюу
- 6 дугаар сарын 3-ны өдөр дээд гурил 3034, нэгдүгээр гурил 2463, хоёрдугаар гурил 1605,
- 7 дугаар сарын 1-ний өдөр дээд гурил 3114, нэгдүгээр гурил 2462, хоёрдугаар гурил 1551,
- 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дээд гурил 3116, нэгдүгээр гурил 2402, хоёрдугаар гурил 1512 төгрөгийн үнэтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс 21.000 мянган тонн гурилын нөөцтэй байна
Гадаадаас татваргүй гурил оруулж ирсэн ч үнэ хямдарсангүй. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнгээс тодруулахад “Дотоодын гурил үйлдвэрлэгчид ургацаа ямар үнээр авсан, үүгээрээ үнээ тогтоодог. Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн асуудал гараагүй. Энэ онд импортоор нийт 35.000 тонн гурил орж ирсэн. Харин дотоодын гурилын нөөц 21.000 тонн байна гэв.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс энэ оны эхний 5 сарын байдлаар АНУ, Итали, ОХУ, БНХАУ зэрэг улсаас 14 мянга гаруй тонн гурил импортолжээ. Үүнээс 11 мянган тонныг нь ОХУ-аас импортолсон байна.
Одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад гурил үйлдвэрлэгчид 240 тэрбум төгрөг олсон. 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 190 мянган тонн байхад олсон орлого нь 430 тэрбум төгрөг болсон. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Үүний цаана улс төрийн асуудал байх магадлалтай. “Ард түмэн хямдхан гурил идэх эрхтэй. Хямд гурил идүүлэх нөхцөлийг төр хангаж өгөх үүрэгтэй” гэж мэдэгдэж байв.
Тэгвэл түүний хэлснээр өнөөдөр ард түмэн хямдхан гурил идэж байна уу? Импортоор гурил татваргүй оруулж ирээд, гурилын үнэ хямдарсан уу? Засгийн газрын хэлээд байсан үр дүн өнөөдөр бодит амьдралд гарсан эсэх нь эргэлзээтэй л байна. Алслагдсан, захын гэр хорооллоор зах, худалдааны төвийнхөөс хол давсан үнээр гурил зарж байна. Бор хоногийг давахын тулд бор гурилыг граммаар авах иргэдэд төр, засгаас гаргасан шийдвэр ээлгүй байгааг эргэж хармаар юм Д.Амарбаясгалан дарга аа.