Б.Батбаатар: Бидний мэдэх эрх, иргэдээ төлөөлөх эрх алдагдаж байна
ИЗЗН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.-УИХ-ын гишүүн, ИЗЗН-ын дарга Б.Батбаатар: УИХ дахь ИЗНН-ын Иргэний зориг зөвлөл байгуулагдсан. Зөвлөлийн анхдугаар хуралдаагаар хэд хэд асуудлыг санаачилж, хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан. Үүнд өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол, түүнийг дагалдаж буй хуулийн өөрчлөлтийн төслүүдэд ямар байр суурьтай оролцох талаар байр сууриа нэгтгэсэн.Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бол УИХ 126 гишүүнтэй болсон. 126 гишүүнээс хэт олонх буюу 118 нь Засгийн газраа байгуулсан. Засгийн газар байгуулахтай ямар хэлбэр, хууль дүрмийн хүрээнд ажиллах талаарх гэрээгээ “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэрийн дор гэрээгээ байгуулсан. Байнгын хорооны хуралдаан болон бусад хуралдаанд Засгийн газар байгуулсан гэрээгээ УИХ-д байгаа гишүүддээ ирүүлнэ үү гэсэн ч одоогоор ирүүлээгүй, бидэнд гэрээний мэдээллээ өгөөгүй байна. Засгийн газар хуулийн хүрээнд улс төрийн намуудын зөвшилцөл, гэрээний хүрээнд байгуулагдахдаа түүнийгээ олон нийтээс нуух, халхлах ёсгүй гэж үзэж байна. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн дагуу Засгийн газрыг бүрдүүлж байгаа субъектүүд хамтран бүлэг байгуулах ёстой. МАН олонх, АН цөөнх гэсэн байдлаар оролцож байна. УИХ бол бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл болохоос Засгийн газрын төлөөлөл биш.УИХ-ын 11 байнгын хорооны даргыг АН, МАН хуваарилж авсан. Засгийн газарт бид ямар нэг байдлаар хамтарч оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ УИХ ард түмний төлөөлөл учраас УИХ-д байгаа бүх нам эвсэл, гишүүдийг оролцоотой байх тал дээр анхаарах ёстой. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ-ын хэлэлцэх асуудлууд болон төлөвлөгөөг гаргадаг. Одоо чуулган хаахад намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргах гэж байна. Үүнд Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүд мэдээлэлтэй болж чадахгүй байгаа. Тодорхой хэмжээгээр бидний мэдэх эрх, иргэдээ төлөөлөх эрх алдагдаж байна. Тийм учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд Парламентад суудалтай намын төлөөллийг оруулах хэрэгтэй. 118-уулаа асуудлыг шийдээд байж болохгүй. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэрэг олны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ хэргийн буруутныг илрүүлэх, үнэнийг тогтоох нь Засгийн газар, хууль, шүүхийн байгууллагын үүрэг. ИЗНН үзэл санааг нь тээгчийнхээ хувьд УИХ-ын түр хороо байгуулах саналыг гаргана. Бид өнөөдөр УИХ-ын даргад намын шийдвэрүүдээ уламжилна. Сонгууль болгоны өмнө АН, МАН-ын улстөрждөг, ашиг сонирхол хайдаг хэрэг байж болохгүй.УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар өнөөдөр гишүүд иргэд, сонгогчдоо төлөөлж ажиллахад туйлын хангалтгүй байдлыг өмнөх Парламентын чуулганаар баталж, түүнийг нь бид өнөөдөр даган мөрдөх зохицуулалттай байгаа нь иргэд сонгогчдоо төлөөлөхөд саад учруулж байна гэж үзэж байна. УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэхийн тулд өмнөх өдөр нь албан тоот бичдэг. Техник, технологийн хувьд энэ хоцрогдсон зүйлээс салах ёстой.Төсвийн төсөөллөөр 22.7 их наядаар 2024 оны төсвийг батална гэж үзэж байсан. Гэвч төсөв батлахад 5 их наядаар нэмэгдүүлж 27 их наядаар баталсан. Тэгвэл өнөөдөр 3.1 их наядыг нэмж 30.2 их наядын төсвийн тодотгол хийж, өөрчлөгдөж байна. Нийт мөнгөний нийлүүлэлт 40 их наяд. Үүний 30 их наяд нь улсын төсөвтэй холбогдож байна. Монголбанкны мөнгөний бодлого хатуурна. Иргэд бизнес эрихлэгчдэд санхүүжилтийн их үүсвэр олдохгүй болно. Төсвийн тогтвортой байдлын хуулийг өөрчлөхөөр санал оруулах болно.ИЗНН-ын зөвлөх, Эдийн засагч Н.Дашзэвэг: Нэгд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр арт түмнээ мартчихсан байна. Ирэх дөрвөн жилд ард түмний бодит орлого хэрхэн өсөх, амьжиргааны түвшин яаж өсөх талаар нэг ч өгүүлбэр алга. Үүнтэй холбогдуулаад 2025 онд Монгол улсын хөгжүүлэх үндсэн чиглэлд дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 71 байгааг 80 хувь болгоно гэсэн байна. гэтэл дөрвөн жил ажиллах гэж байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дундаж давхаргаа хэдэн хувь болгох талаар нэг ч үг, өгүүлбэр оруулаагүй байна.Хоёрт, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 8-10 мянган ам.долларт хүргэнэ, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулна гэжээ. Үүнээс өөр ямар ч тоо, өгүүлбэр байхгүй байна. Засгийн газрын ядуурлыг хоёр дахин бууруулна гэдгээ үндэслэл нь ямар ч нөлөөгүй. Нэг хүнд ногдох ДНБ өсөхөд ядуурал буурдаггүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд харсан. 2000-аад онд нэг хүнд ноогдох ДНБ 500 ам.доллар байсан. өнөөдөр 5000 ам.доллар болсон хэдий ч ядуурал 27 хувьтай хэвээрээ байна.